expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Wednesday, March 11, 2015

Яст тостын домог

Буддын шашны төв Лхаса хотод асар том дуган барих болж дуганы гол багана хийхэд өөгүй эгц өндөр гуалиг өнчин цагаан зандан мод хэрэгтэй гэж Хятад шинжээч айлджээ.
Тэр сайхан цагаан зандан тэртээ холын Монгол оронд л ургадаг юм даа. Цайдам эзгүй говьд ургадаг өнчин ганц модыг цаг чмагт хамгаалж байдаг дөрвөл алд биетэй, аягын чинээ том нүдтэй аварга могойг аргалж холдуулбал авч болно. Харин тэр аварга могойг яаж холдуулах аргыг Халхын мэргэн Тэвнэ гэгч хараа муутай өвгөн л мэднэ гэж шинжээч хэлжээ.
Төвдийн Далай лам энэ сургаар Дондог, Югзэр, Ранжамба, Гадир хэмээх дөрвөн ламыг сонгон мэргэн Тэвнийнд илгээжээ.
Тэд явсаар мэргэн өвгөнийд хүрч явдал учраа ярьж, ямар аргаар аварга могойг зайлуулах тухай асуусанд эх нутгийнхаа онгон ганц занданг элэг буруутанд огтлуулахаас татгалзаж, урьд дээр цагийн юмыг би мартжээ, ухаан санаа ч муудлаа. Та бүхний зорьсон хэрэгт тааламжтай үг хэлж чадахгүй нь дээ гэжээ. За тэгвэл бид замаа хөөхөөс яахав гээд зальт Төвдүүд яваад өгчээ. Өнөө хэдэн төвд нутгийн нэгэн шунаг баянд очиж өвгөн мэргэнээс үг алдуулж чадвал өндөр шан өгнө. Хэрэв чадахгүй бол хэрэг бишдэнэ шүү гэж баянг сүрдүүлээд чамтай цуг бидний нэг нь хамт очно. Аварга могойг зайлуулах аргыг бичиж авна гэжээ.
Өвгөн мэргэнийд өнөөх хоёр ороход хараа нь муудсан настан хамт ирсэн хүнийг нь мэдсэнгүй. Нутгийн хуучин танил болохоор нууц аргаасаа ярьж эхэлтэл хажууд нь байгаа  аяганы шүүгээн дээр харин хулсан үзэгний хяхатнах чимээ гарлаа гэнэ. Башир муу баян бас өнөөх хэдээс дагуулж ирснийг мэдэж, ярианыхаа чигийг өөрчилж  явуулын хэдэд ярьснаа л хэлээд тавьчихжээ. Ингээд их юм авах гэсэн баяну шунал талаар болж, ирсэн хэрэг бүтэх нь гэсэн төвдүүдийн горьдлого тасарч, өнчин зандан модыг авахад өөр арга сүвэгчлэхээс өөр замгүй болж өдөр шөнөгүй манаж сахисаар өлсөж цангасан могойг модноос буухад нь өрсөж авахаар шийдээд аварга  могойт занданг арван тав хоног сахиж байтал арай гэж модноос буугаад ар талын ууланд хөвөрч ан гөрөө хийсээр, урд талын уулаар дамжин ус шандаар ундаалсаар яваад ирэхэд нь ургаа зандан модыг унагаж аваад  хөдлөх гэж байгааг алсаас харсан аварга могой арван алд биеэрээ амдан аваад өнөөх хэдийг ороож хааш нь ч хөдөлгөлгүй хашчихаж гэнэ. Хайран сайхан модыг нь харийн дээрэмчид үгүй хийсэнд харамсан уйлсаар байгаад нас эцэслэжээ. Тэр цагаас хойш аварга могойн яс нь уул хад шиг овоорч, тос нь гол мэт урсаж байснаас  тэндхийн уулсыг Яст тост гэж нэрлэж болж, уйлсан шорвог нулимс нь урд талын хонхорыг дүүргэж “гашуун” хэмээх нуурыг тогтоож, аварга могойд ороогдсон дөрвийн нэрээр Аранжамба, Дондог, Югзэр, Гадир хэмээх дөрвөн ойрхон булаг байдаг болж гэнэ. Хүний юм хүчгүй, хүзүүний мах амтгүй гэж манайхны ярьдаг зүйр үг ч бас оносон юм шүү гэж домог төгсдөг.

 *****************************************************************
Яст тост хэмээх намхан бэсрэг уулс Алтайн уулсын бүрэлдэхүүнд багтана. Домогт гарсан зандан мод ургаж, аварга могой амьдрах байгалийн нөхцөл энд  байхгүй ч гэсэн уул усны тогтолцоог ажиглан шарын шашны хуурамч номлолыг ард түмэн яаж эсэргүүцэн тэмцэж байсныг аварга могойгоор зүйрлэн  гаргаж, хайрт эх нутгийнхаа баялгийг хайрлан хамгаалж ирснийг жирийн харц ард мэргэн Тэвнэ гэгчээр төлөөлүүлсэн ардын аман зохиолын нэгэн хувилбар юм.




No comments:

Post a Comment