expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Wednesday, June 22, 2016

Олон олон сайхан учрал намайг хүлээж байгаа гэж бодох тусам ирээдүй чамруу би яаран яаран алхалмаар, хайртай бүхэн минь надаас холдон одно доо гэж бодохоор хаашаа ч хөдлөлгүй үүрд эндээ зогсчихмоор...
Ай цаг хугацаа гэдэг.
Хүмүүс цаг хугацаа урсаж байна даа гэж ярьдаг хэдий ч үнэн хэрэгтээ бид өөрсдөө л урсан өнгөрдөг гэж нэгэн мэргэн үг байдаг. Тэгэхээр магадгүй цаг хугацаа гэдэг би, бид өөрсдөө л бололтой. Ертөнц дээр оршин бүхэн цаг хугацаа болой.
Оршиж байсан, оршин буй, ирээдүйд орших бүхэн цаг хугацаа буюу.
Тэдэнд эхлэл бас төгсгөл гэсэн хоёрхон л зогсоол бий аж.

Saturday, May 21, 2016

Тэмдэглэлийн дэвтэрээс



Явах ёстой бол яв даа анд минь. Ертөнцийн юм бүхэнд цаг хугацаа байдаг бус уу. Чамтай өнгөрүүлсэн он жилүүд, чамтай хуваалцсан өдөр хоногууд дурсамжаар дүүрэн байсаан. Амьдралын минь нэгээхэн хэсгийг дүүргэж өгсөн чамд баярлалаа анд минь. Баяртай!
2015 оны 8-р сарын 30
@Говийн наран жуулчны бааз, Өмнөговь аймаг

Tuesday, November 24, 2015

ОРОЙГҮЙ СҮМ Л.Түдэв


“Амьдрах нь өндөр уулнаас үсрэн буухын адил. Тэр хооронд жаргал хэмээ нь үгүй” хэмээх Чоймчиг гэлэнгийн шавьдаа хэлсэн энэ үгэнд бодол минь өдөржин зогтуслаа. Дурдахгүй, дурсахгүй өнгөрч боломгүй гайхалтай бүтээл юмаа.
Монгол хэлний яруу алдрыг магтан дуулъя! Учир юу гэвээс ойрын үед дандаа л гадаадын эсвэл орчуулгын зохиол уншсан болохоор энэхүү аугаа бүтээлийг унших зуураа би утга уянгалаг аугаа их монгол хэлний яруу тансаглалд нь умбан цэнгэн жаргасан билээ.
Энэхүү романыг уншаад дуусахад нэг их зүйл зүрхнээс минь зулгаах шиг, нэг хэсэг зулгааснаа хоромхон зуур замхран одож хоосрон, хоосорсон тэрхүү орон зай нь санаа алдах шиг сэтгэлд минь тийм их гуниг төрж билээ.
Уг романд  бурхны шашны хэт завхрал, шашны нэрээр дулдуйдсан оюун санааны боолчлол, хувраг хувцастай нүгэлтнүүдэд мөлжигдөн амьдарч байсан хөөрхий миний өвөг дээдсийн аж байдлыг нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол тодхон дүрсэлсэн ажээ.
ХОРВООГИЙН АУГАА ХУУРАМЧ ЧАНАР!
Ганц шөнийн дотор дотно нөхөрлөж явсан Чогсон нь алах дайсан болж,  дайсагнаж явсан  Пагсан нь аврах нөхөр болон хувирах нь аяа хорвоогийн аугаа хуурамч чанар бус уу, орчлон гэдэг ийнхүү эргэж хөрвөж байдаг ажгуу!
Нэгэн насаар номын мөр хөөсөн багш Чоймчиг гэлэн нь залуу насандаа бүсгүй хүнд сэтгэл алдарснаа гэм нүгэл хэмээн бодож амьдаараа зулын гол болон шатаж нас юүлэх нь шашны их завхрал, харанхуй нийгмийн төөрөгдөл, зүсээ хувиргасан яргалал бус уу!
Мэнгэ голлож, долоон тамир сульдсанаар шашны бүхий л зан үйлийг хийлгэж гүйцээд ч нэмэргүй үхэхээс өөр аргагүй болсон Санж хал үзэж хашир суусан Бэрээмэг эмгэний жороор эдгэрэх нь аяа амьдралын бодит үнэн биз ээ!
Бурхны шашны ариун хот хэмээн нэрлэгдэх Лхас хотын лам нар амьд хүний гавлын яс, шилбэний чөмгөнд шунан гэмгүй иргэдийг хөнөөх бусармаг явдал нь  шашны нэрээр дулдуйдсан бузар нийгмийн  үнэн төрх буюу!
Буянзалбирах хийдийн Санждолбийчойжамц  лхаарамб  Отгон бүсгүйд сэтгэл алдарч, ханилан суухыг мөрөөдсөн нь хүн төрөлхтний ёсон буюу!


Үгээгүй харц ардын хүү Санж харь газар номын мөр хөөн одож залуу халуун насаа элээн, оройгүй эрдмийг сураад Төвдүүдын гараас амь зулбан нутагтаа буцан ирж Буянзалбирах хийдийн хамба болсон ч эцэстээ хорвоог харах нүдгүй болж Ингэнэ усны говьд цөлөгдөн хавтгайн уургаар гол зогоон тэмтчих нь оройг нь барьж дуусалгүй үлдээсэн сүм шигээ л хөөрхийлөлтэй...

Админ

Tuesday, August 18, 2015

Хүнийг танина гэдэг цаг хугацаа хязгааргүй юм. Магадгүй хүн хүнийгээ таних ийм ярвигтай байдал нь хүн төрөлхтөний төгс бус хийгээд төгс төгөлдөр хэсэг нь бололтой. Яг үнэндээ хэн ч хэний ч дотор орж ойлгож мэдэхгүй.., тэгснээрээ тэд бие биедээ итгэдэг, хайрладаг, дурладаг боловч цаг хугацааны зарчмаар ан цав гарч ямар их хайрлаж итгэж байсан яг л түүн шигээ гомддог, үзэн яддаг, үл ойлголцол үүсдэг. Ингэснээр бидний хайр, аз жаргал, баяр баясгалан, уй гуниг, цөхрөл, үзэн ядалт амьдралыг улам баяжуулж, тэнцвэржүүлж байдаг мэт. Яг л гэрэл байхгүй бол сүүдэр байхгүйтэй адил.
Хэрэв хүн болгон бие биенээ хараад л хэн бэ? ямар хүн бэ? гэдгийг нь шууд л мэдчихдэг байсан бол хүний ертөнц дэндүү уйтгартай байх байсан бизээ.

2015оны 8-р сарын 12
21 цаг 35 минут
Өмнөговь аймаг, Баянзаг

Sunday, July 19, 2015

Амьдрал дэндүү уйтгартай санагдах юм. Зөвхөн надад л ингэж санагдаад байгаа юм болов уу, эсвэл амьдрал угаасаа л ийм уйтгартай байдаг юм уу..?