“Амьдрах нь өндөр уулнаас
үсрэн буухын адил. Тэр хооронд жаргал хэмээ нь үгүй” хэмээх Чоймчиг гэлэнгийн
шавьдаа хэлсэн энэ үгэнд бодол минь өдөржин зогтуслаа. Дурдахгүй, дурсахгүй
өнгөрч боломгүй гайхалтай бүтээл юмаа.
Монгол хэлний яруу алдрыг
магтан дуулъя! Учир юу гэвээс ойрын үед дандаа л гадаадын эсвэл орчуулгын
зохиол уншсан болохоор энэхүү аугаа бүтээлийг унших зуураа би утга уянгалаг
аугаа их монгол хэлний яруу тансаглалд нь умбан цэнгэн жаргасан билээ.
Энэхүү романыг уншаад
дуусахад нэг их зүйл зүрхнээс минь зулгаах шиг, нэг хэсэг зулгааснаа хоромхон
зуур замхран одож хоосрон, хоосорсон тэрхүү орон зай нь санаа алдах шиг сэтгэлд
минь тийм их гуниг төрж билээ.
Уг романд бурхны шашны хэт завхрал, шашны нэрээр
дулдуйдсан оюун санааны боолчлол, хувраг хувцастай нүгэлтнүүдэд мөлжигдөн
амьдарч байсан хөөрхий миний өвөг дээдсийн аж байдлыг нүдэнд харагдаж, чихэнд
сонсогдтол тодхон дүрсэлсэн ажээ.
ХОРВООГИЙН АУГАА ХУУРАМЧ
ЧАНАР!
Ганц шөнийн дотор дотно
нөхөрлөж явсан Чогсон нь алах дайсан болж,
дайсагнаж явсан Пагсан нь аврах
нөхөр болон хувирах нь аяа хорвоогийн аугаа хуурамч чанар бус уу, орчлон гэдэг
ийнхүү эргэж хөрвөж байдаг ажгуу!
Нэгэн насаар номын мөр
хөөсөн багш Чоймчиг гэлэн нь залуу насандаа бүсгүй хүнд сэтгэл алдарснаа гэм
нүгэл хэмээн бодож амьдаараа зулын гол болон шатаж нас юүлэх нь шашны их
завхрал, харанхуй нийгмийн төөрөгдөл, зүсээ хувиргасан яргалал бус уу!
Мэнгэ голлож, долоон тамир
сульдсанаар шашны бүхий л зан үйлийг хийлгэж гүйцээд ч нэмэргүй үхэхээс өөр
аргагүй болсон Санж хал үзэж хашир суусан Бэрээмэг эмгэний жороор эдгэрэх нь
аяа амьдралын бодит үнэн биз ээ!
Бурхны шашны ариун хот
хэмээн нэрлэгдэх Лхас хотын лам нар амьд хүний гавлын яс, шилбэний чөмгөнд
шунан гэмгүй иргэдийг хөнөөх бусармаг явдал нь
шашны нэрээр дулдуйдсан бузар нийгмийн
үнэн төрх буюу!
Буянзалбирах хийдийн
Санждолбийчойжамц лхаарамб Отгон бүсгүйд сэтгэл алдарч, ханилан суухыг
мөрөөдсөн нь хүн төрөлхтний ёсон буюу!
Үгээгүй харц ардын хүү Санж
харь газар номын мөр хөөн одож залуу халуун насаа элээн, оройгүй эрдмийг сураад
Төвдүүдын гараас амь зулбан нутагтаа буцан ирж Буянзалбирах хийдийн хамба
болсон ч эцэстээ хорвоог харах нүдгүй болж Ингэнэ усны говьд цөлөгдөн хавтгайн
уургаар гол зогоон тэмтчих нь оройг нь барьж дуусалгүй үлдээсэн сүм шигээ л
хөөрхийлөлтэй...
Админ
Админ
No comments:
Post a Comment