expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Wednesday, January 28, 2015

Гоо сайхныхаа төлөө залхуурч болохгүй 19 зүйл

Эмэгтэй хүн бүр гоо сайхандаа зориулж өдөрт 30-аас дээш үйлдэл хийдэг гэнэ. Тэгсэн хирнээ тэдний дундаас хөмсгөө байнга зулгаах, гялалзуулагчтай тень түрхэх зэрэгхэнийг бол хийхгүй байсан ч болно. Харин юу юуг хийхдээ огтхон ч залхуурч болохгүй вэ? Энэ жагсаалт дунд бидний “за, яахав” гээд алгасчихдаг зүйл ч олон байна шүү.

1. Будгаа арилгаж нүүрээ цэвэрлэлгүй унтахаас. Нэг шөнө будгаа арилгалгүй унтахад 14 хоногоор хөгширдөг.
2. Гэртээ орж ирээд хувцсаа солихоос. Хувцсаа сэлгэнэ гэдэг бол нэг ёсоор биеэ амрааж байгаа хэрэг. Гэртээ байхдаа аль болох хөхний даруулгагүй байж, хоёр хөөрхнийгөө суллаж байгаарай. Бие шалтгаангүйгээр хөших, хичнээн их унтсан ч бүрэн амарч чадахгүй байх нь өдөржин нэг хувцастайгаа явснаас хамааралтай ч байх магадлалтай.
3. Өдөр бүр хүзүүгээ арчилж, чийгшүүлэхээс. Нүүрнийхээ арьсыг арчилсан ч хүзүүгээ үрчлээтэхээс сэргийлэхгүй бол толийж, гөлийсөн нүүрний чинь дороос, "тэр" насыг чинь шууд л хэлээд өгөх болно.
4. Усанд орчихоод биеэ тослохоос. Эмэгтэй хүний арьс төрөлхийн булбарай байдаг ч арчилгаа хэрэгтэй. Ялангуяа бүлээн усанд орж нүх нь нээгдсэний дараа тосолвол сайн шингэдэг. Биеэ бүрэн сайн тослож хэвшвэл арьсны биржгэр, тогтсон сайр, хөлний эвэр зэргээс сэргийлж болно.
5. Нүднийхээ будгийг тусад нь арилгахаас. Зовхинд тусгай арчилгаа хэрэгтэй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэнд л хамгийн тансаг бүхэн түрхэгдэх ёстой юм.
6. Долоо хоногт дор хаяж нэг удаа тэжээлийн маск тавихаас. Маск бол бүх бүтээгдэхүүний хаан юм. Нүүрээ цэвэрлэж чийгшүүлэхээс гадна тогтмол тэжээл өгөх ёстой. Харин хамгийн сайн тэжээл өгөх арга бол зүгээр л тос түрхээд орхих биш, байгалийн гаралтай маск тавих мөн.
7. 14 хоногт нэг удаа гоо сайхны салонд орохоос. Цалин болгон дээрээсээ салонд ороод байвал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө зарах хэрэг ч гарахгүй. Салонд ойр ойрхон орох тусам, үйлчилгээ нь улам сайн нөлөөлдөг.
8. Үсэндээ тос түрхэхээс. Үс бол арьстай л ижил. Гялалзаж намирахын тулд түүнд цэвэрлэгээ, ангижруулалтаас гадна тэжээл шаарддаг.
9. Нүүрнийхээ арьсанд хүрэхээс өмнө гараа угаахаас. Хүний гарын хуруунд хэдэн мянган бактери агуулагддаг. Тэд бүгд чиний цэмцгэр, өөгүй нүүрэнд хүрнэ гээд бод доо?
10. Нунтаг энгэсэгний порлон, багсаа цэвэрлэхээс. Арьсны гадна талд хичнээн хэмжээний бохирдол хуримтлагдаж байгаа нь ойлгомжтой. Харин түүнд өдөр бүр ямар нэг хэмжээгээр хүрдэг будгийн хэрэгслээ байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Ялангуяа үс, порлоноор хийгдсэн нян амархан үржих боломжтой хэрэгслүүдийг мартаж болохгүй. Порлоныг нэг удаагийнх гээд, хэрэглэж байгаад муудахаар нь хаядаг зуршилтай эмэгтэйг би таних юм байна. Хэрвээ чи ч бас тэгдэг бол, чиний гоо сайхны порлон аяга таваг угаагч порлон биш гэдгийг санаарай.
11. Сормуусны будгаа тогтмол солихоос. Ямар ч сормуусны будагны дээд талын хэрэглээ л 3 сар байх ёстой байдаг. Үүнээс хэтэрвэл будаг нь дуусаагүй ч, багс нь өөртөө нян нэмж тээвэрлэсээр байдаг. Нүд чинь аргаж, улайх нь ихсээд байгаа бол будгаа хэзээ хэрэглэж эхэлснээ нэг санаад үзвэл ямар вэ?
12. Нүүр гар, ванны алчуур, орны даавуунуудаа байнга угаахаас. Хүний арьс байнга гууждаг. Ялангуяа шөнийн цагаар унтах хооронд. Ор хөнжлийн даавуугаа байнга угаахгүй бол гуужиж үхэжсэн арьсан дээрээ хэвтсээр байна гэсэн үг. Харин бие, гарын алчуурын хувьд бүрэн цэвэрлэгдээгүй үлдсэн арьсан дээрх бохирдлыг авдаг учраас 3-4 хоногт угааж байгаарай.
13. Гарахаасаа өмнө нарны тосоо түрхэхээс. Өвөл, хавар, намар, зун нарны тосыг байнга хэрэглэ. Нар бидний дээрээс тусч байгаа л бол хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах хэрэгтэй. Хэт ягаан туяа арьсны чинь уян хатан чанарыг нь алдагдуулах гээд отоод байж байдаг юм шүү.
14. Оройдоо шөнийн тосоо түрхэхээс. Хамгийн үр дүнтэй арьс арчилгаа юу гээч? Тэр бол шөнийн тос. Сайтар цэвэрлэж чийгшүүлчихээд хүний арьсанд нөхөн сэргээлт явагдаж байх үед тэжээл өгдөг хэрэг.
15. Хумсны будгийг ойр ойр солихоос. Нэг хумсны будгийг гурван сараас илүү хугацаанд байлгах нь тийм ч сайн зүйл биш. Өтгөрөөгүй ч гэсэн химийн урвал явагдсан байдаг.
16. Гарахаасаа өмнө үсээ сайн хатаахаас. Нойтон үстэй гарч болохгүй шүү. Тархины судас болон мэдрэлийн судлуудад цочрол өгч, толгой чинь шалтгаангүйгээр өвддөг болохоос гадна үс чинь хугарамтгай болно.
17. Өглөөний цайгаа уучихаад гарахаас. Орой хоол идэхгүй байж болно харин өглөөний цайгаа уухгүй байж болохгүй. Ходоодоо хайрла. Ходоодонд чинь явагдаж байгаа бүхэн нүүр, биен дээр чинь “тайлангаа” тавьж байдаг.
18. Шинэхэн худалдаж авсан дотуур хувцсаа угааж өмсөхөөс. Цоо шинэ байж болно л доо. Гэхдээ дэлгүүрийн лангуун дээр хэр удаж, хичнээн хүмүүс барьж үзсэнийг чи мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй зүйлээ эмзэг эрхтэндээ шууд хүргэхдээ итгэлтэй байна уу?
19. Толинд хараад өөртөө инээмсэглэл бэлэглэхээсээ хэзээ ч битгий залхуурч байгаарай. Яагаад гэвэл тэр өдрийн урам зориг, инээмсэглэлийг хамгийн түрүүнд чи л өөртөө өгч чадна.

Monday, January 26, 2015

Сүнс

Шөнө дунд өнгөрч байлаа. Энэхүү эмнэлгийн "Сэхээн амьдруулах" тасгийн нэгдүгээр өрөөнд эмнэлгийн өргөн орон дээр хиймэл амьсгалын аппарат залгаастай аль хэзээний ухаангүй болсон нэгэн охин хэвтэх бөгөөд түүний царай зүс цаас мэт цайж, хүүхэн хараа нь худгийн ус лугаа адил гүн хар болоод хамар нь хавчийгаад тас хар хөмсөг нь улам ч тод болжээ. Харин түүний намирсан урт үс нь орны урд руу унжих агаад гантиг шиг мөлчийсөн хүйтэн духыг нь богинохон хуруутай жижигхэн гараараа илбэн байсан сувилагч Туул их л доороос сүүрс алдан хиймэл амьсгалын аппаратын хүчилтөрөгч өгч буй хошуувчны завсраар цэвэрхэн самбай даавуу сурмаг гэгч оруулан түүний ам, хамрыг үе үе арчиж цэвэрлэн арга тасарсан байдалтай зогсоно. Эдний тасгийнхан энэхүү арван зургаахан настай Сувдаа охиныг бүтэн сар шахам асарч тойлохдоо "Торомгор" хэмээн өхөөрдцгөөж өвчнөөс нь ч болсон уу, угийн хүүхдэрхүү гэнэн хөөрхөн занд нь ч автагдсан уу цөмөөрөө дотносон хайрладаг болжээ. Түүн дотроос сувилагч Туул яагаад ч юм бэ түүнийг дэндүү хайрлахыг яана. Туул эхлээд эмч нарынхаа хэлж ярьж байгаад нэг л итгэж чадахгүй байснаа сүүлдээ Сувдаагийн өвчний ноц гэмийг мэдэрч юухнаар ч болов тус дэм болох гэсэр түүнээс холдож чадахгүй нэгэн болсон юм санж.
Туул энэхүү уяхан сэтгэлдээ автан "Торомгорыгоо" асарч сувилсаар байгаад огтоос хөдөлж чадахгүй удаан хэвтсэн хүний ташаан толгой, ууц нурууны арьс хөрсийг гэмтээхгүй байх нэгэн арга олсон юмсанжээ. Энэ бол хонины сүүлний тос шингээсэн хөвөн жинтүү юм. Өдөрт “Торомгорынхоо" доор тавьсан энэхүү жинтүүг олонтаа эргүүлэн тойруулан, нус нулимсыг нь арчиж цэвэрлээд, хэвтэрт удсан зовлонг огт эдлүүлэхгүй санаатай жижиг сияан саванд юу л гарна ганцаараа асгаж гялалзтал угааж арчин санаа сэтгэл нь бага боловч амрана. Сүүлийн үеэс Сувдаагийн булчингийн саажилт улам бүр газар авч амьсгаа нь бачууран, зүрх нь зогсчих гээд байдаг болсноос хойш Туул бүр ч сэгэл зовнин дэргэдээс нь холдож чадахгүй болов. Тэгэхэд Сувдаа "Эгч ээ! Би эдгэж босчихоод тан шиг сувилагч болно. Бурхан минь намайг өршөөж хайрла! Би олон хүнд Туул эгч шигээ тус болж чадна шүү Бурхан гуай" гэж амандаа ахин дахин үглэж савх шиг нарийхан хуруутай чөргөр гараараа залбиран духандаа хүргээд "бурхан намайг өршөөнө тийм ээ, эгч ээ" гэхэд Туул толгой дохин түүнд дуулдахааргүй гүнээ санаа алддаг байлаа. Ер нь ямар ч хүн энэ эцсийн мөч нь тулаад ирэхээр дотоод хүчтэй сэрлээсээ болдог ч юм уу өвчний ад гэмээр нэгэн иймэрхуү хүсэл мөрөөдөлд автдагийг сайн мэдэх Туулд энэхэн зуур орох байх газар олдохгүй болдог байв. Харин Сувдаа сүүлийн хэд хоног хөдөөнөөс ирэх ёстой ээжээ асуухаа болиод бурханаас өршөөл гуйх нь цеерөн өрөөний адрыг ширтэн дуу шуугүй хэвтэх нь их болжээ.
Түүний ухаан дэн дун болж буйг хар зөнгөөрөө мэдсэн Туул яагаад ч юм бэ миний жижүүртэй үед "Торомгор" минь бурхан болоосой хэмээн үнэн сэтгэлээсээ бодох болжээ. Энэ бол түүнд эцсийн удаа туслах гэсэн нэгэн хүсэл байлаа. Туул Сувдаагийн цусны даралтыг нэгэнтээ үзэж, хурууныхаа өндгөөр хичнээн даравч судасны нь лугшилт баригдсангүй,
Туул иймэрхүү үед тэгтлээ их сандардаггүй атал энэ удаа сандчаад явчихав Нэг мэдэхнээ жижүүрийн эмчийг дагуулаад ирчихсэн байлаа.
Эмч залуу зүрхний ажиллагааг хянаж буй аппаратын зүүг хөдлөхгүй болсныг харангуут мэдээд зүрхийг удтал чагнаснаа,
- Зүрх нь ажиллахгүй болчихжээ. Аппаратаа салга гэж хэлчихээд явчихав. Туул эмчийг гарсны дараа хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй, түүний хөрчихсөн духыг илбэн арга тасран хэсэг байв. Орны тушаах ханын бүдэг гэрэл охины хөшиж хөдөлгөөнгүй болсон нүүрийг гийгүүлнэ.
Туул бүх юм өнгерснийг мэдэж байсан ч хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй байлаа. Тэгсээр үүр гэгээрсэн хойно ядарч туйлдсан Туул аппаратын хошуувчийг чичирч салганасан гараараа аваад, хөнжлийн даавуугаар охины нүүрийг эвтэйхэн бүтээж юунд ч юм хоргодосхийн том цонхны янз модыг түшин ганцаараа хэсэг зогсож тэнгэрийн хаяа ширтвээс дорноос алтан шаргал туяа татаж, эднийхний хайрыг булаасан гэнэн хонгорхон охины цогцсыг жигтэйхэн тод гийгүүлэв. Тэрбээр хар дарсан зүүднээсээ салж чадахгүй байгаа мэт болоод охиныг дэндүү хайрлаж өрөвдөж байлаа. Туулд ийнхүү эцсийн амьсгалаа хураах нь нэг бодоход зүүд шиг ч ... нөгөөтэйгүүр хорвоогийн мөнхийн ганц үнэн шиг. Тэгснээ "сүнс байдаг бол Сувдаагийн сүнс надад ирээсэй! Сувдаа шиг сайхан охинтой болох юмсан" гэх жигтэй бодол толгойд нь зурсхийх агшинд хэвлий рүү нь нэгэн зөөлөн увидас совин ч гэмээр ер бусын юм ороод ирэх шиг болж, хэвлий дэх таван сартай хүүхэд нь зөөлөн зөөлнөөр хөдлөх шиг болох нь тэр.
Шагжийн ВАНЧААРАЙ

Урам

Охиноо өсгөхдөө эцэг нь нэг удаа ч түүгээр ойр зуурын гэрийн ажил хийлгэж байсангүй. Эхгүй өссөн юм, эвий минь бяцхан амьтан гэж хайрлаад гэр орны ажил хийлгэдэггүй байв. Хоол унд хийх, хувцас хунар угаах, гэр орон цэвэрлэх энэ бүгдэд эмзэг зөөлөн гар хуруутай турьхан охиноо огтхон ч хүргэдэггүй байлаа. Залхуутай ч гэмээр хорвоогийн нэг ижил өдөр хоногууд алгуурхан өнгөрсөөр охин хорин нас шүргэв. 
Нэг өдөр аавынх нь бие өвдөж, босож чадахгүй хэвтлээ. 
Нуруу нь өвчтэй аав нь жаахан хөдлөхөд зоо нуруу нь тасарчих гээд хэрдээ үүнийгээ охиндоо мэдэгдэхгүйг хичээн шүд зуун тэсвэрлэх нь өрөвдөлтэй. Тэгсэн ч хөмхийгээ тасартал зуусаар босч охиныхоо оройн хоол ундыг бэлтгэв. Дараагийн өдөр нь үг хэлж чадахаа ч байсан эцэг өдрийг арай ядан өнгөрөөлөө. Охин нь хичээлээсээ орой ирэх тул өдөржин хоол ундгүй хэвтсэн эцэг охиндоо хоол хийхээр хамаг хүчээ шавхан босч, олон жил өөртэйгөө ярин гангар гунгар хийж элээсэн гал зуухны өрөө рүүгээ хана тулсаар орж, хийж дадсан зүйлээ хийх гэтэл үнэхээр чадал хүрсэнгүй, толгой нь эргэн ширээгээ түшин авчээ. Зүрх нь хүчтэй цохилж, амьсгаа нь давхцан, хамаг бие нь салгалан чичирнэ. Гэвч үртэй хүн үхэж чаддаггүй гэгчээр охиныгоо иртэл, хөргөгчнөөс хөлдүү мах гаргаж гэсгээв. Гурил зуурахаар түмпэнд гурил хийсэн боловч нуруугаар нь хатгаад хөдөлж чаддаггүй. Хүч чадал нь барагдсан эцэг сандал дээр лагхийтэл сууж авлаа. Ганц охиндоо аяга хоол хийгээд өгч чадахгүй, ийм ядарсан эцэг байх гэж дээ гэж өөрийгөө голж, өөртөө уур хүрэв. Ийнхүү өөрийгөө мянга зэмлэвч түүний үнэхээр чадал барагджээ... Хичээлээсээ орой тардаг оюутан охин автобус дамжсаар арай гэж гэртээ ирэхэд нь аав нь гал зуухныхаа өрөөнд түмпэнтэй гурил барьчихсан гар нь таг зуурсан чигтээ хөшчихсөн сууж байлаа. Сандарч мэгдсэн охин “Аав аа, та амьд уу? Юу болох нь энэ вэ ?” орь дуу тавин очиход аав нь арай л амь нь гарчихаагүй, нулимс гүйлэгнэсэн хоёр нүд нь хөвөн наасан мэт буурал хөмсөгний дор муухан сүүмийж байх нь тэр. Охин түргэн дуудаад аавыгаа эмнэлэгт хүргэв. Ядаргаанд орсон аав нь үе мөчний өвчин нь сэдэрч, хуруу гар нь татчихсан байсан тул удаан хугацаагаар эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болжээ. Аминдэм ихтэй ногоотой хоол, жимс идэх хэрэгтэй эмч хэлсэн тул охин аавдаа хоол хийж, эмнэлэгт эргэх хүнд “ажилд” унажээ. Эмнэлгийн хоолонд аав нь төдий л хоолшихгүй болохоор өдий болтол аяга бантан зуурч сураагүй охин бэлэн хоол гуанзнаас авчирч аавыгаа хуурна. Гэвч эцсийн дүнд аавд нь гэрийн хоол чухал болохыг аавынхаа ихэнхи талыг нь үлдээсэн хоолны саван дахь хоолны үлдэгдлээс охин ойлгов. Охин аавынхаа зүүдэг хормогчыг зүүгээд гурил зууран, бууз хийхээр шийдэв. Хуруугаа огтлохоос наагуур болж байж махаа татав. Сонгиноо хэрчээд давсаа хийн амтлах гэтэл хэр хэмжээний давс хийхээ мэддэггүй. Ер нь гал зуухны өрөө бол охины хувьд огт танихгүй ертөнц байлаа. Энэ өрөөнд орж хоол идэхээ л тэр мэднэ. Дүүрсэн хэрэг, жижиг халбагаар нэг давс хийлээ. Давс нь таарсан үгүйг яаж мэддэгийг тэр огт гадарлахгүй. Хэрэв түүний оронд аав нь байсан бол базсан шанзаа хамартаа ойртуулан үнэрлэх юмуу эсхүл жижиг саванд хийгээд цахилгаан зуухны ширэм дээр шараад мэдэх байлаа. Охинд тэр талаар огтхон ч мэдэхүүн алга. Гурил зуурах гэж яаж хөглөсөн гэж сананаа. Нялцайсан юм зуурчихаад хуурай гурил хийж гараа өвдтөл нухав. Гурил нь гараар нь дүүрэн наалдаж, гурил хэсэг бүлгээрээ эвлэрч өгөхгүй түүний нулимсыг үзэв. Гурил зуурахаасаа илүү хувцас хунар түмпэн сав, ширээ, шал хамаг юмаа хуурай гурилаар заваартуулав. Гэвч охин нулимс дуслуулан нухсаар гурилаа нийлүүлэхчээ боллоо. Гурилаа таслах гэж том жижгээр нь тасдаж, дараа нь нэгэн хэвийн болгох гэж үйлээ үзэв. Элдэнэ гэдэг бас л хэцүүхэн даваа. Гол нь нимгэрээд нэг л биш. Чимхэнэ гэдэг хамгийн хэцүү нь байлаа. Үхсэн хулганаас ч дор гурилд боосон мах болов. Жигнүүрээ тавилаа. Хугацаагий нь мэдэхгүй тул нэг дахин илүү хугацаагаар жигнэв. Цайгаа ч нэг юм аргалав. Усаа буцлахаар цай давс сүүгээ нэгэн зэрэг хийгээд цэхийсэн юм чаналаа. Амсаад үзсэн нэг л биш. Аавынх нь аягалж өгдөг ааг амт үгүй байв. Тэр мөчид охин аавынх нь хайр ямар аугаа болохыг ойлгожээ. Охины мэдэхгүй чадахгүй олон юм аав охин хоёрын хооронд чулуун хана мэт байсаныг сэхээрэв. Охиноо нүдний цөцгий мэт хайрласан аавд буруу гэж юу байх вэ. Харин ийн эрх танхи өсгөсөний бурууг аав биш охин үүрэх байсаныг тэнгэр л мэдэх газар. Аав ч бас өөртөө харамсах цаг ирэхийг түүнээс өөр хэн мэдэх билээ... Эргэлтийн цаг дуусахаас өмнө амжих ёстой. Бас солих дотуур хувцас хэрэгтэй. Ханан шүүгээний хаана аавынх нь дотуур хувцас байгаа юм бол? Үрчгэр юм бариад очилтой биш, яаж индүүдэх вэ? Түмэн мэдэхгүй асуулт охиныг боомилж “алах” дөхөж байлаа. Эцэст нь охин үр гэсэндээ энэ бүгдийг чадан ядан хийв. Буузаа гаргалаа. Ёроол нь бүтэн нэг ч бууз байсангүй. Шилэн саванд хийж таглалаа. Цайгаа халуун саванд юүлэв. Тэгээд эмнэлэг рүү унаж тусан яаран сандран гүйв... Эцэг охиныхоо авчирсан хоолыг идэхээр босч суулаа. Нэг үеэ бодвол бие нь илаарьшиж, орон дээрээ босч суухтайгаа болжээ. Бууз нь хөрж орхижээ. Шилэн савны гадуур зузаан цаасанд ороогоод, алчуураар ороосон бол хөрөхгүй байсан. Гэсэн ч эцэг охиныхоо гараар хийсэн гэрийнхээ хоолыг идэхээр завдав. Халуун цайнд хийгээд давсгүй буузыг огт гололгүй идэж орхилоо. Өрөөнийх нь өвчтнүүд заншил ёсоор эргэлтийн хоолонд ам хүрсэн ч нэг нэг “бууз” хоолойныхоо хөндий рүү нилээн зовж оруулах шиг болно лээ. Нүдээрээ бие бие рүүгээ жуумалзах нь шоолсоны шинж. Эцэг охиноосоо хэн энэ хоолыг хийв гэж асуусангүй. Эцгийн зөн охиныхоо хэрхэн хийсэнийг асуултгүй мэдэрч, охиноо өрөвдөн дотроо уйлж байлаа. Мөн өөрийгөө өдий болтол охиндоо юу ч зааж сургаагүйдээ амаа баран гасална. Гэлээ ч анхны алхмыг хүндэтгэх ёстой гэж бодно. Охин асрагчаас тортой саваа авахадаа аавынхаа өгүүлсэн хорин дөрвийн хоёр чихрийг нэгэн зурвастай авчээ. “Баярлалаа охин минь, сайхан бууз хийсэнд баярлалаа. Охин минь хоол ундаа сайн идээрэй, ээ дээ өглөө босоод цайгаа чанаж ууж байгаарай” гэж бичсэн аавынхаа зурвасыг аваад охин өөрийнхөө хэмжээнд зөндөө баярлав. Айлын ажилсаг сэргэлэн хүүхдүүд арван настайдаа ч хоол цай хийж чаддаг. Харин мань “эрх”-эд энэ бол хамгийн том баяр байв. “ТАНЬДАА БИ ХАЙРТАЙ ШҮҮ. МаАРГААШ БИ УЛАМ САЙНЫГ ХИЙНЭЭ, ААВАА ХУРДАН ЭДГЭЭРЭЙ” гэж хариу зурвас өглөө...

Шүтэн бишрэгч

Түүнд хамгаас их таалагддаг зохиолч бол Набоков. Набоковыг нас барахад ердөө л тавхан настай байв. Хэрэв тэр үед хорин найм хүрч байсан бол, нас барсанд нь биш уулзаж амжаагүйдээ харамссандаа архи ууж, орой нь хариад "Үхчихлээ гэж үү?" хэмээн хашгирч уйлах асан.
Тэр өөрийгөө Набоков нас барахаас хоёр гурван жилийн өмнө Швейцарт очиж, зохиолчийн үүдний өрөөнд удаан сууж байгаагаа төсөөлөн бодох дуртай. Зохиолч эхлээд унтаж амарч байснаа, дараа нь ажиллаж, дараа нь цайгаа уув. Цай уусныхаа дараа үргэлжлүүлэн ажиллаад зочин хүлээж авах зав гаргасангүй.
- Өнөөдөр оройтчихлоо. Та баасан гаригт үдээс хойш ирнэ үү гэж зохиолчийн нарийн бичгийн дарга, мөн л зохиолчийн хэрийн насны хижээл эр ер санаа зовсон янзгүй хэлснээ,

- Та кофе уух уу? гэв.
- За үгүй дээ. баярлалаа. Өө, уудаг ч юм бил үү?
- Өөрөө л мэд дээ. Владимир Владимирович өдийд кофе уудаг юм л даа. Би түүнд зориулж чанасан юм.
- Би уувал түүнд үлдэх юм уу?
- Үлдэнэ, үлдэнэ. Санаа зоволтгүй.
Ердийн л кофе Лаазтай, жаахан гашуувтар " Nescafe”.
- Та орос хүн үү?

- Яаж байна?
- Владимирович...
Зохиолчийн нарийн бичгийн дарга ямар үндэстэн болохыг тэр мэдэж амжсангүй. Цонхны шил тар няр хийн хагарах дуулдаж, эргэн хартал орон дээгүүр нь хөлбөмбөгийн эрээн бөмбөг өнхөрч үзэгдэв.
- Хөөе. Юу болж байна аа?

Цонхоор шагайвал хэн ч алга. Нүдний буланд нэг жаал гүйсээр булан тойрох шиг болов. Хүүхдүүд хурдан гүйдэг л дээ. Хамгийн муу гүйдэг нь л сая далд оров бололтой.
Тэрээр эргэж бөмбөгийг харуут түс хийтэл инээд алдав. Доктор Пнин хүүдээ бөмбөг бэлэглэхэд яадаг билээ? Хөл бөмбөг сонирхдоггүй америк жаал цоо шинэ бөмбөгийг цонхоор гаргаад шидчихдэг, Үгүй ээ, талбай дээрээс өшиглөсөн бөмбөг гурван давхрын цонхоор орно гэж байх уу? Монголд л ийм тэнэг хөлбөмбөгчин төрнө.
Нэгэнт хэргийн эзнийг олохгүйгээс хойш бөмбөгийг өөртеө үлдээхээр шийдэв. Шилэн лонх ч үнэтэй байж. Нэг ангийн дөчөөд хүүхэд гэрээсээ нэг нэг лонх авчран, "Шилний дэлгүүр" гэсэн хаягтай мөд онгойдоггүй мухлагийн үүдэнд өдөржин бужигналдаад сая нэг бөмбөгний үнэ цуглуулж байсан сан. Охид волейболын бөмбөг авна гээд хөвгүүд сагсныхыг авна гээд бөмбөг зардаг дэлгүүрт хүрэхийн алдад хөвгүүдийнхээр болчихоод байтал, дэлгүүрт сагсан бөмбөгийн төрөлтэй юу ч байсангүй. Ганцхан ширхэг волейболын бөмбөг үлдсэн нь бөөрөндөө халцархайтай аж.
- Өөр байхгүй ээ гээд худалдагч халгаасангүй. Харин хөл бөмбөгийн бөмбөг нэлээд хэд байсныг яана.
Ингээд ангиараа хөлбөмбөгчид болцгоов. Маргааш орой нь л шинэхэн бөмбөгний бөөрөнд эхний халцархай гарч, хэн хүнгүй халаглацгаасан ч тэр бөмбөг бүтэн хоёр жилийн турш тэдний хөөцөлддөг ганц зүйл болж, анги даасан багш нь:

- Энэ гайтай ширнээс болоод манай ангид муу сурлагатан гурваар нэмэгдлээ гэж халаглаж байсан сан.
Хэн гурав муу сурлагатан болсныг тэр одоо ч бодоод бодоод олдоггүй юм. Тэдний ангийнхан бараг бүгдээрээ муу сурдаг байсан тул, хааяа нэг сайн дүн авсныгаа жигтэйхэн гоочилно. Тиймээс сайн суръя гэж хэн ч боддоггүй, тэдний ангийн адгийн хөлбөмбөгчин ч гэрийн даалгавраа хийдэггүй байв.
"Би ч нээрээн адгийн хөлбөмбөгчин байсан шүү" гэж тэр цонхоор орж ирсэн бөмбөгийг ажингаа бодов.
- Гэхдээ арай ч ийм мурий хөлтэй байгаагүй ээ! гэж цонхыг нь нядаасан үл таних жаалд хорссондоо чанга хэлчихээд, бөмбөгийг шалан дээр тавьж өшиглөв. Бөмбөг үүдний хонгилоор нисч угаалгын өрөөний хагас нээлттэй хаалгаар маш цэвэрхэн орлоо.
- Гоол!
Гэнэт өлсч байгаагаа мэдэрсэн тул өлгүүрээс хүрмээ авч, гутлаа углаад гадагш гарав. Байшингийн буланд хэдэн жаал бөөгнөрөн чанга чанга хөхрөлдөж байснаа түүнийг харуут чимээгүй болцгоов. Нэг нь орон сууцны мужааны хүү байна. Зун аавтайгаа цуг ирж хаалга янзалж өгсөн юм.

- Аав чинь бий юу?
- Байгаа.
- Орой цонх шиллээд өгөөч гэж байна гээд хэлчихээрэй.
- За.
Хүүхдүүд бие бие рүүгээ хурдхан ширтэлцээд авав. "Хэргийн эзэд!"
Ойролцоох гуанзанд тэдний ангийн охин ажигладаг юм. Уг нь царайлаг аятайхан зантай охин. Одоо хэр нь нөхөргүй. Өөрөө гуанзны эзэн мөртлөө орж ирэгсдэд хоол зөөж үйлчилнэ.

- Би л байсан бол энэ хиншүүн дунд...
- Чи ойлгохгүй ээ. Алив, сууж бай. Би чамд хоол аваачаад өгье.
Ангийнх нь охин ширээн дээр шөл, шарсан өндөг, мантуу өрлөө. Энгэрээр мөөм нь цухалзана.
- Цай өгөөч.
- Өнөөдөр пивотой шүү,
Удалгүй ширээн дээр хоёр лааз шар айраг шилэн аяга нэмэгдэв.
- Танайд пиво зардаг юм уу? гэж хажуугийн ширээнд суугаа хоёр эрийн нэг бүдүүн дуугаар хүнгэнэлээ.
- Манайд согтууруулах ундаа зардаггүй ээ гээд ангийн охин цаашаа эргэв.
- Эгдүүтэй дамшиг байна шүү гэж бүдүүн дуутыг хэлэхэд, хажуу дахь нь бүр таарсан юм шиг нарийхан хоолойгоор:
- Би хөхийг нь харах гэж наашаа ирдэг юм хэмээн шивэгнэх дуулдав.
Гуанзанд тэр нэлээд суулаа. Ангийн охин нь пивоны үнэ авахгүй гэжээ. Тэндээсээ гараад дэлгүүр орж бөмбөгний үнэ сонирхвол, хоёр мянган төгрөг гэлээ. Ангийн охин нь хоолны үнэд өдөр бүр таван зуун төгрөг авдаг. Тэр өдөрт нэг л удаа хооллодог. Орой нь ус буцалгаж уугаад нэг бүтэн талх идчихдэг. Ээж нь нас барснаас хойш ямагт ингэж л амьдарч байгаа. Номын сангийн гэрээр ном олгох тасагт насаараа ажилласан ээжийнхээ буянаар тэр одоо ч номоор тасардаггүй. Сард хоёр, заримдаа гурван удаа үүргэвч үүрээд хотын бараг нөгөө захад байх номын сан руу явна Сүүлийн үед түүнд унших шинэ ном олдохоо больжээ. Тиймээс ажилчдын дүүргийн хүн цөөнтэй номын санг ёс төдий л эргэдэг аж.
Номын санч ээж нь нас барахдаа:

- Миний хүү гуч хүрээд эхнэр аваарай. Чамд би өдөрт таван зуугаар бодож хоёр жилийн хоолны мөнгө хураасан. Хоёр өрөө байр чамд томдоно. Нэг өрөө болгож солиод, зөрүү мөнгөөр нь эхнэртээ хуримын бөгж, гутал хувцас авч өгнө биз гэжээ. "Инфляци" гэдэг үг ямар.ч номонд байгаагүй үе. 
Тэр байраа багасгаад, өөртөө хэдэн ном авчээ. Тэдэн дунд Набоков байсан хэрэг. Хатуу хавтастай, сайн хэвлэсэн, хэд хэдэн Набоков.
Өнөөдөр тэр гуч хүрэв. Ангийн охин мэдсэн юм шиг пивоор дайллаа. Гэнэтхэн нөгөө хажуугийн ширээний хоёроос ангийн охиноо харамламаар болжээ. "Хөхийг нь харах гэж ирдэг" гэнэ ээ?
Мужаан шатан дээр сууж байв. Хана түшүүлэн шил тавьжээ. Гэрт оруут шуудхан л бэлэн шилээ тавиад, ердөө арваад минутын дотор жин тан болгочихлоо.
- Та хэмжээг нь яаж ийм сайн мэдэж байна аа? 
- Энэ байрны бүх цонхны хэмжээг би цээжээр мэднэ.
- Хэдийг төлөх вэ?
- Шилний үнэ дөрвөн мянга. Хийсний хөлсөнд, яахав, ганц мянгыг л авах уу даа. Хажуугийн гуанзанд таваг хуурга л авах мөнгө.
Тэр амаа ангалзуулав. Дөрвөн мянга! Хоёр бөмбөгний үнэ байх гэж уү? Гэнэт түүнд "Яг танай хүү л манай цонхыг хагалсан даа" гэсэн бодол төрөхөд хэлчихээсээ өмнө амжиж хэлээ хазаад, орныхоо гудсан доогуур хийсэн том хавтасны завсраар таван зуутын дэвсгэрт арвыг тоолж өгөв.
- За, баярлалаа. Өөр хэрэг гарвал хэлээрэй гээд мужаан угаалгын өрөөний зүг хяламхийв. Гэрлээ унтраахаа мартчихаж. Хөлбөмбөгийн бөмбөг яг босгон тушаа нь харагдана.
Мужааныг нэгдүгээр давхарт хүрч явахад тэр гүйж очив.
- Та хажуугийн гуанзанд таваг хоол хэдэн төгрөг байдаг гэнэ ээ? 
- Ямар гуанз? Ямар хоолны үнэ тэр билээ? 
Мужааны царай гайхсан гэхээсээ илүү айсан янзтай болжээ. 
- Уучлаарай, би зүгээр л хажуугийн гуанз ямаршуу хоолтой байдаг юм бол, таныг мэдэх юм байна гэж бодоод л ...
Мужаан тайвширч, бүр баярласан янзтай санаа алдан инээмсэглээд, 
- Өө, би ч гэр энд болохоор гуанзанд ордоггүй л дээ. Гэхдээ хоолыг нь мэднэ. Дажгүй хоолтой, үнэ нь ч гайгүй санагдсан шүү. Таваг хуурга цайтай авсан юм байна. Саяхан даа, яг хэзээ ч билээ? Мянган төгрөг жаахан гаруй бол луу. .
- Тэгвэл таван зуун төгрөгөөр нэг, хоёрдугаар хоол. салаттай, бас хоёр аяга сүүтэй цай, мантуу авч хүрэхгүй нь ээ? 
Мужаан учиргүй хөхрөв. Хөхөрч, хөхөрч,
- Салаттай гэнэ шүү! Иш, та нар амьдралаас мөн тасархай байна даа. Хоёр талх ч авч хүрэхгүй мөнгөөр тийм их хоол өгдөг гуанз гэж юу байх вэ дээ. Чиний хэлсэн бүхнийг авахад лав дөрөв таван мянга хүрнэ дэг ээ гэлээ.
Тэр гэртээ эргэж оруут бөмбөгийг угаалгын өрөөнөөс гаргаад "Май, чи, тэнэг Пнин! Төрсөн өдрийн бэлгээ ав!" гэж амандаа үглүүт байдаг хүчээрээ өшиглөж орхив.

Энэ удаад харин наад талын цонх л хагарчээ. Хөл бөмбөгийн бөмбөг ахиад л орон дээгүүр өнхөрч явав.
Сургуульд байхдаа тэр хичээлээ давтахын оронд уран зохиолын ном уншдаг байв. Яагаад гэвэл, хичээлээ давтаад байвал сайн сурчихна. Сайн сурах юм бол ангийнхныхаа нүүрийг яаж харах юм бэ?

Харин азаар есдүгээр ангид орж, хөлбөмбөгчдөөс нэг салж билээ. Есдүгээр ангид чүү чамай "гурав", "дөрөв" хольж явсаар, аравт оржээ. Аравдугаар ангидаа хичээлдээ ихэд шамдсан боловч тоо, физик химийг яагаад ч нөхөж авахааргүй хоцорсон байлаа. Харин хэл, уран зохиолд мань эр толгой цохиж, сургуулийнхаа сайчуулын тоонд багтах болов. Гэвч нийгмийн мэдлэг сулаас дээд сургуульд орж чадсангүй. Цэрэгт явъя гэтэл хараа муу гээд тэнцсэнгүй.
Ингээд арван жил ээжээрээ тэжээлгэн, ээжээрээ ном зөөлгөн жижиг өрөөндөө суужээ. Тэр арван жилд юу эсийг уншсан гэх вэ. Тэр арван жил бол амьдралынх нь хамгийн жаргалтай үе байв. Хоёр жилийн өмнөөс тэр бие даан амьдарч эхэлсэн хэрэг.
Хоёр жилийн өмнөөс л түүний амьдралд Набоков орж иржээ. “Гавьяа", "Ноён, хатан, боол", "Цаазаар аваачих урилга", "Лужины хамгаалалт", тэгээд "Ада" ... Харин "Лолита!' түүнд таалагдаж байсангүй. Набоковтой уулзаж байна гэж төсөөлөн бодохдоо тэр энэ тухайгаа ер хэлээгүй.
- Төгсгөл нь гайхалтай сайхан болсон шүү! гэж тал засчээ.
Заримдаа тэр зохиолчийг Найттай андуурч үзэн ядна. "Себастьян Найтын бодит амьдрал" хэмээх романыг нь уншиж дуусуут :
- Набоков яг үнэндээ Набоков биш, Найт байсан юм биш байгаа? гэж өөртөө хэлчихээд удтал шаналжээ. Набоков Найт байхад юугаараа муу юм бэ гэдгийг тэр мэдэхгүй. Юутай ч, Найт маш муу хүн шиг санагджээ.
Тийм сэтгэлийн улмаас нэг удаа Набоковт : 
- Найт учраас танд Нобелийн шагнал өгөөгүй гэчихжээ. Зохиолч түүний ор үндэсгүй төсөөлөл рүү жуумалзан ширтсэнээ хонх цохиж өөртэйгөө үе тэнгийн нарийн бичгийн даргаа дуудаад,
- Энэ хүүг тэр ганц өрөө байранд нь хүргэж өг гэх үгүй ээ, яалаа гэж Набоков тэгж хэлэхгүй,
- Тантай ярилцахад сайхан байлаа Мистер Бен, та энэ залууг хүргээд өгчихнө үү. Аль буудалд буусан гэлээ? гэх вий.
Набоковт "Та өерөө Найт” гээд хэлчихсэндээ ихэд харамсав. Би ёрын Нобелийн шагналын тухайд ... Уг нь болсон явдал биш, бодол юм чинь залруулж болно л доо. Гэвч тэр хар багаас л бодол мөрөөдлөө залруулж, буцаад эхнээс нь шинээр бодож явсангүй. Бодол бол түүний хувьд амьдрал л гэсэн үг.
Цонхыг хага цохин бөмбөг орж ирсний маргааш тэр хажуугийн гуанзанд орсонгүй. Хотын төвд байх нэг гуанзанд орж, амт гэж авах юмгүй хоол авав. Шөлнөөс гурав халбагадаад орхиж. харин дөрвөн ширхэг хуушуурыг нь идчихлээ. Нэг аяга байхуу уув. Энэ хоол нь хоёр мянга хоёр зуун төгрөг болжээ.
Ахиж тэр гуанзанд орсонгүй. Хажуугийн, хотын төвийн алинд ч. Орцны цэвэрлэгч нэг удаа бэлэн хоол идэж байхыг харсан, тэр нь жигтэйхэн сайхан үнэртэж байсныг санав. Ингээд талх, бас бэлэн хоол авдаг, ус буцалгаж уудаг боллоо.
Нэг өдөр номын сангаас авсан гурван ширхэг номоо эргүүлж өгөхөөр очтол, ээжийнх нь ажлыг авсан эгч алга. Гэрээр ном олгох тасагт ганцхан л хүн байсан нь гурвалжин шатан дээр гараад зогсчихсон годгор охин аж. Тэр танил эгчээ хүлээж удаан зогсов.

Өнөөх годгор охин хамгийн дээд талын тавиур дээрээс нэг ном унагачихав. Ном шалан дээр нэг өнцгөерөө буухад, хөх өнгийн хатуу хавтас нэг тийшээ, дотор хэсэг нь нөгөө тийшээ салж одлоо.
- Өө!
Годгор охин сая л түүнийг олж хараад,
- Та юу гэж явна? гэж асуув.
- Цэрмаа эгч хаачаав?
- Цэрмаа эгч тэтгэвэртээ гарсан шүү дээ. Би оронд нь ажиллаж байгаа.
- Би авсан номуудаа авчирлаа,
- Одоохон. Та тэр унасан номыг аваад өгөөч.
Тэр эхлээд дотор хэсгийг, дараа нь годгор охины зогсоо гурвалжин шатны яг доогуур орчихсон хөх хавтсыг авав. Хавтаснаа "Мич хүн болоход хөдөлмөрийн гүйцэтгэсэн үүрэг гэж бичжээ
- Та Гүнболд уу? гэж авчирсан номуудыг нь бүртгэн авахдаа годгор охин инээмсэглээд,
- Таныг би сайн мэднэ шүү. Цэрмаа эгч таныг надад захисан юм гэлээ
Гүмбер Гүмбер гэж байгаа юм шиг сонсогдоход анх удаа тэр нэрнээсээ учиргүй ичжээ. Годгор охин харин хаа очиж гоё нэртэй юм.
- Нараа гээд жижигхэн хүйтэн гараа сунгав.
Ээжийнх нь хэлсэн нөгөө хоёр жил дуусчихсан, одоо тэр эхнэр авах ёстой шүү дээ. Нарааг цааш ном бариад эргэхэд, богинохон бошинзон доороос нь хараад л баймаар хөөрхөн гуя тахим үзэгдлээ. Годгор охин гэнэт зогтусаад эргэн харахад түүний нүүр халуу оргиод явчихав.
- Та одоо харих уу? гэж Нарааг асуухад анхандаа сайн ойлгосонгүй.
- Та эндээс шууд харих уу?
- Аа, ээ, оо ... Юу л даа.
- Манайх танайхтай нэг байр шүү дээ
- Тийм үү?
- Бүр нэг орц.
- Тийм үү? Би мэдэхгүй юм.
- Та мэднээ. Танай хуучин байранд би амьдардаг юм. Таныг байраа солиход аав надад авч өгсөн...
Нараа номын тавиурын цаагуур орчихоод зарим үг нь дуулдсангүй.
- Хэрэв та одоо шууд харивал би цуг явах гэсэн юм.
- Үгүй ээ, би өөр тийшээ явна.
- Хаачих юм бэ?
- Аа, ээ, оо... Юу л даа.
- За, за. Би оройд ганцаараа зурагт үзээд л сууж байдаг. Та орж ирээрэй. Надад танаас асуух юм их л байна. Цэрмаа эгч таныг "Манай номын сангийн бүх номыг уншсан” гэж байсан.
Тэр номын сангаас гараад шууд харив. Бэлэн хоолоо идчихээд нам унтлаа. Хонх дуугарахад тэр давхийн сэрэв. Хонх ахиад л дуугарна.

Ангийнх нь охин байлаа.
Тэр байхуу чанаж, талх зүслээ.
- Эртээр, орой ажлаа тараад танайд ирэх гэж бодож байтал ерөөсөө амжсангүй,
- Хэзээ?
- Яагаав, чиний төрсөн өдрөөр.
- Юун төрсөн өдөр?
- Би чиний төрсөн өдрийг мэднэ шүү дээ.
- Тэгээд чи пивоор дайлсан юм уу?
- Чи яагаад очиж хоол идэхээ больчихов?
- Би гэртээ хоол идэж байгаа.
- Бэлэн хоол ч манай гуанзныхаас муу даа.
- Би чиний хөхийг л харах гэж танай гуанзанд очдог байсан юм. Бөхийх бүрт чинь цухалздаг болохоор ...
- Юу?
Ангийнх нь охин цүнхээ шүүрч авахад тэндээс шилтэй архи гулган унаж хага үсрэв. Өрөөгөөр нэг исүүн үнэр хамар цоргино. Цоож торхийснээ, хаалга тасхийлээ.
Тэр цонхон дээрээ зогсоод гудамж руу харав. Ангийн охин тоглоомын талбайн хажуух замаар гүйхээрээ өнгөрч, нөгеө цонхыг нь хагалсан жаалууд нуугдаж амжсан буланг тойрлоо. Түүний амьдралаас хамгийн чухал, хамгаас үнэтэй нэгэн зүйл нь алга болохыг, түүний доторх амин голынх нь зэрэгцээ цохилж байсан, рентген туяанд ч, хэт авианд ч тэмтрэгдэж мэдрэгдэхгүй өөр нэгэн судас тасрахыг мэдрэв. Бүр тэр судас пүд хийн дуугарч тасрах нь сонсдоод хоолой дээр нь хатуулдан өвджээ.
Тэр цонхноос холдон хананд өлгөөтэй эрвээхэйн хатаамалд дөхөж очиж удтал ширтлээ. Нэгэн залуугаас худалдан авч билээ. Эрвээхэйн эзэн "Архи уух гэсэн юм. Ганцхан шил юмны үнээр өгчихнө" гээд түүнийг удтал хоргоосноо авахгүй болохоор нь урамгүйхэн хоцорсон сон. Тийм гоёмсог эрвээхэйн үнэтэй ганц шил юм гээч нь одоо өрөө дүүрэн үнэртэнэ. Набоков эрвээхэй барьдаг байсныг, бүр хэд хэдэн төрлийн эрвээхэй шинээр нээн олсныг тэгэхэд мэддэггүй байв. Харин дараахан нь "Пильграм" хэмээх өгүүллэгийг нь уншжээ. "Пильграм” - ыг уншиж дуусуут тэр ухасхийн гарч нөгөө залууг хайсан хэрэг.

Нөгөө л дэлгүүрийнхээ үүдэнд зогсч байж.
- Ганц шил юм гэдэг чинь хэдэн төгрөг гэсэн уг вэ? 
Залуу энэ удаад түрүүчийнхээсээ арай том, хар цоохор эрвээхэйг гоёмсог хөндий жаазтай шилэн гуунд хийн барьсан байв.
- Яахав, өөрийг авмаар санагдвал манайхаар очоорой гээд залуу гэрийнхээ хаягийг цаасан дээр зурж өгсөн сөн.
Эрвээхэй зардаг залуугийнх холгүй ажээ. Яг тэднийх шиг байшин, яг тэднийх шиг орц, бас гуравдугаар давхарт, яг л тэднийх шиг хаалга. 
Залуу түүнийг харангуутаа л таньжээ.

- Өө, сайн уу? Орооч! Морьтой явна шүү! 
"Морьтой" гэдэг нь, юу гэсэн үг юм бол?
Тэд гурвуулаа сууж байлаа. Нүүр нүдээ арай ч хэтэрхий гэмээр будсан, хоёулаа яг ижилхэн урт урт ногоон хумстай хоёр бүсгүй түүн рүү зэрэг харснаа хэлэлцсэн юм шиг нэгэн ззрэг инээмсэглэв.
- За, эрвээхэйнүүд минь, ууна аа. Танилц, хэн билээ?
- Гүнболд.
- Аа, тийм. Гүнболд ..
"Эрвээхэйнүүд" гэж нөгөө хоёр бүсгүйд хандан хэлсэн ч, түүнийг бас хамтруулаад ийн нэрлэчих шиг санагдсанд жаахан эвгүйцлээ. 
- Чи эрвээхэй авах гэж явна уу?
- Үгүй ээ.
- Аа, тэгвэл эрвээхэй авах гээ юу?
Хоёр бүсгүй тас тас хөхрөлдөв. Эрвээхэй зарагч яагаад нэг л асуултыг хоёр дахиж асуусны учрыг тэр олсонгүй. Гэвч даган инээжээ.
Өглөө сэрэхэд дотор нь тун муухай байв. Ам учиргүй цангажээ. Гал зуухны өрөөнд орж цоргоны хуйтэн ус уутал дотроос нь оргиод ирэв. Жорлон руу орж сайн бөөлжиж аваад, нүүрээ толинд харахаар угаалгын өрөөний хаалгыг таттал дотроосоо түгжээтэй. Шүршүүрийн усны жигдхэн дуу сонсдоход л тэр өчигдрийн явдлыг сая саналаа.

Эрвээхэй зарагчийнд тэр эхлээд дөрвөн хундага архи уужээ. Дараа нь гоё амттай улаан дарс, сүүлд нь ахиад архи ууснаа санав.
- Чамд хэн нь таалагдаж байна? гэж эрвээхэй зарагч асууж байсан Хэн гэж хэлснээ тэр санах гээд ер чадсангүй. Хоёр бүсгүйн алинтай нь хамт гэртээ ирснээ санаж байна л даа. Бүр тэдний хооронд юу болсныг ч санаж байна.Эмэгтэй хүний нүцгэн биеийг тэврэх хичнээн сайхан байсныг бүүр түүр дурсав. Бүсгүйн нэрийг л бодоод бодоод олсонгүй.
- За, дотор зүгээр үү?
Нойтон бүсгүй хөнжлийг нь сөхөн орж ирэв.
- Пөөх. чи намайг хүлээгээ юу?
Гүнзгий автсан амтат бодлыг нь бүсгүй нойтон сэрүүхэн гараар тэмтэрч үзээд ийн дуу алдаж, дээр нь гарч суулаа. Аажуухан сууж гүйцмэгцээ эргэн өндийв. Ийн суун босох мэт өндийж байх зуураа:
- Нараа гэж хэн бэ? гэв.
- Нараа?
- За, битгий нуугаад бай. Чи шөнөжингөө л намайг Нараа гэж дуудсан шүү дээ.
Бүсгүй будаггүй, бүр хумсгүй болчихож. Ерөөсөө огт танихгүй эмэгтэй түүний хөнжлийг нөмөрчихсөн, дээрээс нь тонгойж байгааг тэр хачирхан ажиглав. Энэ нь бүр тааламжтай санагджээ.
Дараа нь бүсгүй түүнийг дэрлэн унаж чихэнд нь "Тамхи асаагаад өгөөч" гэж шивнэлээ. Өчигдөр бүсгүйчүүл тамхи татаж байсныг санав. Харин одоо тамхи татах гэсэнд зэвүү хүрлээ. "Ширээн дээр тамхи, асаагуур хоёр бий" гэж чихэн дээр нь үргэлжлэн халуу оргиход,
- Би тамхи татдаггүй. Тийм болохоор асааж чадахгүй гэж ууртай дуугарчээ.
Бүсгүй босч тамхи татав. Хариу ч үгүй туранхай, бас царай муутай юм. 
Одоо тэр хүүхнийг жигшиж байлаа.
- Чи явахгүй юм уу?
- Явлаа, явлаа. Харин чи мөнгөө ...
Бүсгүйг хувцаслаж байх зуур тэр гудсан доогуураа гараа оруулан тэмтчиж, тааралдсаныг нь авч сарвайлаа. Бүсгүй хоржоонтой хянамгайхан тоолж үзээд,
- Гурван мянга дутуу байна гэв.
Тэр гудсан доогуураа ахин гараа оруулан имэрч , зургаан ширхэг таван зуут гаргаж өглөө.
“Эрвээхэйг" ЯВСНЫ дараа тэр гудсаа сөхөв. Таван зуутын багц арван нэг, сул таван зуут тавин хоёр үлджээ. Тоолохоос залхуурч орхисон зуут, тавьтууд, хүрэмний халаасанд байгаа мөнгийг нэмэх юм бол бараг зургаан зуун мянга болох нь.
Тэр мөнгийг сонинд боож, гялгар уутанд хийгээд гарч хажуугийн гуанзанд очлоо. Ангийнх нь охин алга. Оронд нь хижээл эр сууж байв.

Тэр нэг хоёрдугаар хоол, салат, хоёр аяга сүүтэй цай, мантуутай авлаа. Тооцоогоо хийх үедээ хижээл эрд хандан.
- Энд зургаан зуун мянга бий. Та Гүнболдын өр гээд дамжуулчихаарай гээд тортой юмаа өгөв.
Тэгээд гэртээ ирж, ширээний ард суун удтал юм бичжээ. 
Маргааш нь тэдний цонхны тушаа тоглоомын талбай дээр бараг шинээрээ шахам хөлбөмбөг хэвтэж байв.
Долоо хоногийн дараа байрны цэвэрлэгч авгай мужаан, цагдаа, бас өөр гурван эр дагуулан ирж, тэдний хаалгыг лацдаж аваад явлаа. Бүтэн сайн өдөр ангийнх нь охин ирж түүнийг асууна. Ямар ч сураггүй гарсангүй. Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсныг гэрчлэх зурагтай хуудасны нэг буланд дэггүй жаалууд эр хүний бэлэг эрхтэн зурчихсаныг номын санч Нараа нэгэнтээ санаандгүй олж харуут хуулан авчихжээ.

Гунаажавын АЮУРЗАНА

Бөхийн эхнэрийн зовлон

Хорин тавны жил орсон, одоо чи нөхөрт гармаар юм даа гэж ээж минь үглэж байна. Үеийн хүүхнүүд, танил тал, хамт ажилладаг нөхөд минь цөм л намайг "Хүнтэй суугаач?" гэж шахна. Үнэнийг хэлэхэд намайг тоогоод "Сууя" энэ тэр гэвэл ч би энүүхэн эндээ гэхэд уухайн тас л байгаа л даа. Гэвч намайг эргүүлэх хархүү олдсонгүй. Би толинд хараад ганцаараа заримдаа
- Чи хүн тоохооргүй царай муутай гэж үү?" гэж дүрснээсээ асууна Ай хөөрхий яая гэх вэ дээ. Би ямар өөрөө эр эргүүлээд гүйж явалтай биш. Нөхөр болох хүн аяндаа л хүрээд ирдэг юм гэнэ билээ.
... Гэтэл хүссэн юм хүзүү сээрээр гэгчээр намайг ханхар өргөн цээжтэй, хавийн хүн сууж хармаар сайхан эр нэг өдер “Өөрөө хань ижилгүй бол надтай суухгүй юу" гэдэг юм байна. Би бүсгүй хүний цэвэр ичимтгий зангаа золтой л мартаад "тэгье!" гээд хашгирчихсангүй. Хэлээ хазаад зогслоо. Тэр хүн бөх гэнэ. Яагаав нөгөө барилддаг бөх, хэдэн орой ажлаас тарахад өнөөх маань отож байдаг болов. Манайхан ч гадарлажээ. Найз хүүхнүүддээ, гэр орныхондоо аав ээждээ цөмд нь хэллээ.
Аав болохоор "Иш бөх хүн гэдэг чинь тийм элбэг таардаг юм биш. Сайхан хүү харагдана билээ? Наадмаар хүргэнээ хараад сууж байвал мөн сайхнаа” гэхэд ээж "Тохитой томоотой л хүн шиг байна. Одоо хаанаас хэнийг эрж явах вэ? Суу суу. Адаглаад зуны гэрээ хурааж муу амбаартаа ороход аав нь чадал хүрэхгүй байна шүү дээ!" гэж улаан цайм ятгав. Найз хүүхнүүд минь "Аштай юу даа Долгор минь, Бөх гэдэг чинь гэрийнхээ хоолноос хороолгүй улсын хоол идэж бэлтгэл сургууль гээд архи тамхи хэрэглэдэггүй аятайхан хүмүүс байгаа. Бас тэмцээнд орж бай шагнал их авдаг, гадаадад олон явдаг ёстой гоогоо биш үү? Нийл нийл! Нүд дүүрэн сайхан эр байна" гэж янгинатал ятгаж, би ч бөх залуутайгаа сууж орхилоо . Нэг удаагийн жижиг тэмцээнд түрүүлж шагнууллаа. Би нөхрийнхөө барилдаж байгааг огт хараагүй билээ. Нэг удаа би "Чиний барилдахыг үзмээр байна" гэвэл тэр намайг ганц гар дээр өргөөд "Наадмаар хараарай" гэдэг юм байна. Уг нь манай нөхөр "Самбо, жүдо, чөлөөт, үндэс" гээд бүх л барилдаанаар барилддаг юм гэсэн. Нөхрөө гадаадад явж, гоё бэлэг хэзээ авчирч өгөх бол гэж би, хүргэнээ улсын наадамд барилдахыг харах гэж аав хүлээн нилээд хэдэн сар боллоо. Харин нөхөр минь тийм ч сайн бөх биш байсан ажээ. Би нэг удаа заалын барилдаанд орж нөхрөө нууцаар харж суулаа. Би өөрийн эрхгүй нүдээ анив. Хөөрхий нөхрийг минь нөгөө өрсөлдөгч нь ёстой хумхиж тавьж байна. Хаанаас нь л бол хаанаас өргөөд шиднэ.
Миний өмне суугаа нэг эр “Энэ хоолны савыг хасмаар юм. Хэдэн жил л улсын хоол идлээ. Хөөе наадахаа хас хас. Зугатаад байна. Торго торго" гэж ирээд л орилж гэнэ. Миний уур хүрээд "Та өөрөө гараад барилд л даа" гэвэл нөгөө эр "Чамд эр улсын ажил ямар хамаа байнаа. Энэ авгай чинь одоо яах нь вэ? Энэ муу дэвжээний алчуурыг өмөөрөөд байхдаа яадаг юм бэ?" гэж уурлав. Дэвжээний алчуур гэдэг үг намайг нэгмөсөн гонсойлголоо.

Би нөхрийнхөе барилдахыг харахаас ичдэг болов. Харин евгөн маань үргэлж л барилдана. Нэг удаа телевизээр гарлаа. Үндэсний бөх шүү дээ. Гэтэл нөхөр минь 60 дөхөж яваа өвгөнтэй тааржээ. Аав "Энийгээ ч дөнгөлгүй дээ. Настай амьтныг зөөлхөн хаяасай билээ гэж хэлж дуусаагүй байтал хүмүүс орилоод алга ташаад орхив, Харвал манай нөхөр тэрий хадаад нөгөө өвгөн дээрээс нь харуулдаж байна. Дүү нар "Хүргэн ах шараа шараа! Уначихлаа" гэж байна. Аав "Хн уначихаад бас тахимаа өгөхгүй байдаг нь юу ч билээ дээ!" гээд зурагтын өмнөөс холдов.
Орой нь нөхөр минь ирээд л ууртай "Хийморь алгаа! Алив хөгшөөн ганц шил архи өгөөч! Баяр болж байгаа байна даа!" гээд гуйлаа. Нэг мэдсэн баяраар хэрэглэх гэсэн зургаан шил архийг хоосолж дуусаад дахиад нэхэж байна. Тэр "Дараа даагаа нэхнээ" хэмээн шүдээ хавирлаа.
Жаргалын БАРАМСАЙ

Бид ялав

Өвгөн Дэндэв сүүлийн арваад жил бараан зах орсонгүй Өнөөдөр л чавганцаа үглээд байхлаар тогооны угаалтуур нунтаг саван авахаар явлаа. Зах их өөр болжээ. Гуравхан буудал газар хэр нь автобусанд далан төгрөг авах юм. Хашаанд ороход л арван төгрөг, чавганцын нь өгсөн мөнгөний тал нь тэгсхийгээд л алга болно. Хүн ч чихээстэй, тээр жилийн их зуднаас уруудсан олон адуу ортоомын бярууг завсраа хавчуулан өргөж явсаар говьд аваачиж хаясан гэдэг шиг Дэндэв ч хөлтэй хөлгүй явсаар захын төвд орчихов. Тэнд үгүй юм гэж алга, өвгөн гадаадад очсон юм шиг л үүнийг ч өлийж. түүнийг ч бөхийж харсаар их хашааг нэгэнтээ тойров. Гэтэл эрэг боолт, зэвтэй зэвгүй хадаас, хаалганы замган түгжээ сэлтийн дунд хэдэн энгэрийн тэмдэг, тэр дотор нь "Бид ялав" медаль харагдах нь хар захын бор лангуун дээр дэндүү гялгардсан зүйл байлаа. Өвгөн хоёр дайнд оролцсон, "Бид ялав'' медаль нь орон нутагт төөрсөөр өөрт нь очоогүй, харин сэлэмт морьтон бүхий "Халх гол" тэмдгээ ямагт зүүж явдаг нэгэн билээ. Дайны гавьяаг худалдаж болох юм гэж санаанд нь багтаагүй өвгөн цааш нэлээд явснаа тэр сайхан медаль элдэв муу хүний гарт оруужин гэхдээ мөнгө хүрвэл өөрөө худалдаад авчихъя гэж бодоод нөгөө лангууг хайсаар эргэн ирэв.
- Энэ тэмдэг ямар үнэтэй юм бэ? гэж өвгөнийг асуухад лангууны ард суугаа дэрчгэр хөх залуу хяламхийн харснаа дуугарсангүй. Өвген өөрт байгаа 800 төгрөгийг бэлнээр гарган харуулж
- Алив наад тэмдгийг чинь би авья
- Төгрөгөөр өгөхгүй ээ!
- Тэгээд юугаар өгөх юм бэ?
Ийнхүү ойлголцож ядаж байтал элдэв зургийн аппарат, дуу хураагч сэлтийг өвч биендээ ёлкны мод шиг санжигнуулсан гадаадын бололтой хүмүүс чанга чанга дуугаран явснаа мөнөөх тэмдгийг харж хоорондоо шулганалдан хэсэг зогсов. Тэгснээ цагаан толгойтой өвгөн нөгөө тэмдгийг зааж юм хэллээ. Үнийг нь асууж байгаа бололтой. Дэндэв ч тэднийг япончууд байна гэж танилаа. Дэрчгэр хөх цаасан дээр бэлэн зурсан юм харуулсан нь 10 - ын тоо, ард нь зуузай тамганы дундуур босоо хоёр чагт хийсэн юм шиг зураг байлаа. Буурал япон ч түрийвчээ гаргаж 10 доллар өгөөд нөгөө тэмдгийг авч хөдлөв.
Дунд зэргийн насны нэгэн япон нөгөөх тэмдгийг энгэртээ зүүгээд чанга инээсэн нь Дэндэвийн дайнд олсон шархыг сэдрээж орхих шиг боллоо. Дэндэв "Уг нь бид ялсан юмсан" хэмээн үглэсээр олны урсгалд хавчуулагдан захын хашааны үүдэнд ирсэн байлаа. Түүнд нунтаг саван, тогооны угаалтуур авах хүсэл нэгэнт алга болжээ. Автобусанд далан төгрөгөө хураалгаад буцаж явахдаа "Цагаан тугтай давшаад ирэхэд нь бид ялсан нь үнэн, ногоон мөнгөтэй явж ирээд тэд ялах гэж үү?" хэмээн бодож хэнд уурлаад байгаа нь мэдэгдэхгүй замын турш хилэгнэсээр явлаа.

Жагдалын ЛХАГВА

Донгио



Саяхан би ажил хэргийн далимаар нутгаараа халитхан дайрсан юм. Буцахад өвгөн Базар гуай унаанд маань дайгдлаа. Алтайгаас Улаанбаатар хүрэх хоёр гурван хоногийн урт замд бид эрт өдгөөгийн элдэв юм хөөрөлдөж зугаатайхан явлаа.
Тэгж явахад багад минь болсон нэг явдал байн байн санагдсан юм. Бараг дөчин жилийн өмнө юм даа. Базар ах хориод настай, сүрхий чацархуу биетэй, эмнэг хангалтай ноцолдож явдаг, олон таван үггүй, томоотой нь дэндсэн хөдөөх бор залуу байсан. Эднийх, манайх, Зундуй гуайнх гээд гурван айл Чачиртын ам хэмээх газар намаржиж байлаа. Базар ах эхтэйгээ хоёул амьдрах. Зундуй гуайнх Сосор гэдэг ганц охинтой.
Сосор эгч их гоё хүн. Насаар Базар ахаас хоёр гурав дүү байсан болов уу. Өндөр гоолиг нуруутай, дуулах, инээх, аргал түүх нь хүртэл цаанаа л нэг чамин. Сосор эгч бид хоёр аргалд үе үе хамт явна. Аргалд явахдаа эгч дуулна.

Бодоод байна даа хө хө

Бодогдоод горьгүй нь ээ хө хө

Бодсон чиг бодоогүй л юм шиг
Явъя даа гэсиймаа хө ... гээд л гэгэлзүүлэх. Сэтгэл нь хөвөлзөөд л, нүд нь гялалзаад л дуулах. Дуулахыг нь сонсохоор миний сэтгэл бас тийм гэхийн аргагүй хачин болчихно.
Үхрийн хуурай аргал савраараа эвлэгхэн аваад үүрч яваа араг руугаа мөрөө давуулан хийчих нь бүр хараад баймаар сонихон. Би түүнийг нь дууриах гээд чадахгүй мөрөн дээрээ, эсвэл аргаа давуулаад хаячихна. Тэгэхээр намайг шоолон хаш цагаан шүднээсээ гэрэл ойлгон хөгжилтэйеэ инээнэ. Заримдаа эгчийг инээлгэх гэж зориуд элдэвлэнэ. Инээхийг нь, бас шүдийг нь харах гэж тэр шүү дээ. Би бол дөнгөж шүдэлж эхэлж байсан болохоор үүдний хэд маань муруй сарий. Тиймээс эгчийн дэргэд амаа байдгаар нь жимийж явдаг байлаа. Сосор эгч надтай чацуу байх нь яав даа гэж тун ч их харамсана.
Намрын хонгор шар өдөр болж байлаа. Үдийн хонь сааж байсан цаг. Сосор эгч аргалд ганцаараа явсан байсан юм. Уг нь хонь саахаас өмнө ирэх ёстой атал байдаггүй. Ээж нь:

- Охин яачихваа гэж үглэн харуулдаад л ... .

Тэгж байтал Сосор эгч араг, савраа хээр хаячихаад, үс нь сэгсийчихсэн амьтан уйлж хашгирсаар хар гүйхээрээ ирлээ... Бид ч гайхаж хоцров.
- Яасан юм бол, урт хайрхантай тааралдчихвуу даа, хөөрхий минь гэж ээж маань хэлээд аймсан зогсож байсан нь одоо ч нүднээ үзэгдэх шиг. Урт хайрхан гэж могойн цээр нэр.
Сосор эгчийн ээж холбоотой хонь сааж сууснаа ухасхийн босож хувинтай сүүгээ хаячихаад охиныхоо өөдөөс урд хормой дээрээ гишгэлэн унан тусан хүрээд тэвэрч авлаа.
- Яав, юу болов, ээ тэнгэр минь хэмээн гасалж нулимсыг нь арчих ээжийнхээ мөрөнд охин нь толгойгоо наан эг маггүй хэсэг цурхирав. Тэгснээ үгийн хариугүй шууд л гэр өөдөө гүйлээ. Уурганд толгой залгаж сууснаа босож амаа ангайн гайхширч зогссон Базар ахын хажуугаар тэрбээр өнгөрөн завдсанаа зогтусаж "Донгио!" хэмээн хилэнтэйеэ хэлэнгүүт хацар дээр нь тас байлгаж орхиод гүйгээд орчихож билээ. 
Хаалгаараа шурхийн ороход нь гялсхийж харагдсан шулуун сайхан шилбийг нь даган цус урсаж байх шиг байсан. Сосор эгч гэртээ ороод таг чиг болон хэд хоносон юмдаг.
Базар ах алгадуулсан хацраа нэг илчихээд, үсийг нь цэвэрлэсэн гүзээ шиг мөлчийтөл хуссан данхар толгойгоо хэдэн парвигар хуруугаараа маажигчаа аядан дүйнгэтэж баахан зогссоноо залгаж байсан уурганыхаа дэргэд очиж мод толгойгоо гарган тамхи угсраа угсраагаар угзарсаар нар шингэтэл овойн сууж билээ.
Хойтон зун нь намайг сургуулийнхаа амралтаар ирэхэд Сосор эгч Базар ахынд байдаг болчихсон байсан. Базар ахын номхон дөлгөөн зан, зөөлөн урсгал харц надад аятай дотно санагддаг байсан болохоор ингэсэнд нь би дотроо баяртай байснаа санаж байна.
**************

Зам зуур гол бараадан хоноглоё гэсэн миний саналыг Базар гуай дуртай зөвшөөрөв Түүдэг асаан, хээрийн цай, хоол амтархаж, бас ч ганц лонх юм задлан бид хоёр тухаллаа. Төгрөглөх дөхсөн саран авхай дээр тэнгэрт мэлтийж, дэргэд голын ус чимээгүйхэн мэлмэрээд, чийглэг зөөлөн агаар үе үе долгилсон дулаахан орой боллоо. Сэтгэлд хар аяндаа ая эгшиг үүснэ. Өнөөх нэгэн явдлын учрыг мэдмээр санагдаад
- Базар ах аа, тээр жил манайхан Чачиртад намаржиж байхад Сосор эгч нэг их сүрхий айчихсан, уйлж унжиж ирснийг санаж байна уу гэсэн чинь мань эр хажуулдан хэвтэж байснаа өндийгөөд:

- Хн гэв.
- Тэгэхэд таныг "Донгио" гэж хэлээд алгадчихсаныг би мартдаггүй юм. Та яасан юм бэ гэвэл өвгөн санаа алдан хэсэг дуугүй байснаа:
- Тэр чинь хө нэг бодлын гайтай, нөгөө бодлын тустай ч гэмээр юм болсон гээд таг болчихлоо. Би хэсэг хүлээгээд тэвчээр алдан:
- За тэгээд... хэмээн цааш ярихыг шаардлаа. Өвгөн чимээгүй л суугаад байв. Аяганд нь архи ахиухан хийгээд барилаа. Түүнийг нэг амьсгаагаар явуулж орхиод тамхи асаан шуналтайяа хэд шившсэнээ над руу харан "хэлэх үү, байх уу" гэж шийдэж ядсан янзтай байхаар нь:
- Гайтай нь юу, тустай нь юу болсон юм бэ гэж дахин үг өдев. Өвгөн хоолойгоо хэдэнтээ засаад:
- Гайтай нь хөөрхийг нэг самуун этгээд хээр шоглочихсон байсан юм. Тустай нь гэвэл !'Донгио" гээд намайг алгадсаны учрыг би тунгаасаар олсон юм. За дүү минь унтъя. Саяын архи чинь намайг дийлээд байна гэв ээ.

Бажуудайн ГАНБАТ

Эх

Бүжин дөчин еснийхээ жил дээр явчихлаа. Өнгөрхийнхөө урдхан Дожидыг дуудуулжээ. Тэр нь олон жилийн өмнө нөхрийг нь салгаж суусан нэгэн. Хоёр бүсгүйн хооронд эхэндээ юм юм л болоод өнгөрчээ. Харин Сүнжидээс хойш нэг нэгнийхээ замаас зайлсхийж энд тэнд хааяа тааралдвал мэнд ус ч үгүй, хэн хэн нь хараагүй царайлдаг болжээ. Чингэхдээ нэг нь нөхрийн минь толгойг залгисан бузар эм! гэж бодож байхад нөгөө нь нөхрийг минь зовоож явсан өөдгүй эм! гэж бодох мэт.
Тэгтэл одоо нэгнийх нь хорвоод амьдрах хоногийн тоо гүйцэж, нөгөө нь, үхэх хүний гуйлга болсон хойно яая гэхэв, очиж уулзах болжээ.
Дожид эмнэлгийн хаалганы хүйтэн төмөр бариулд гар хүрэхдээ агзасхийтэл жихүүцэн, бас л ийм хатуу, цэвдэг үг дуулах байх даа гэж зүрх алдан бодсон нь оносонгүй, Бүжин түүнийг хонзон хорслын ул мөр ч үгүй ухаалаг талбиун харц, уянгалаг зөөлөн дуугаар угтжээ.

Биеийнх нь байдлыг лавласан асуултад бэлгийг хичээсэн цөөн үгээр тойруулсхийн хариулснаа шууд л ярьж гарсныг бодоход үгээ эртнээс цэгцэлчихээд хадгалж байсан нь илт
"Хоёр бие: хоёр гэрийг маань холдуулавч бас холбож явсан хүнийг ядахдаа үгүй болсны дараа би чамтай уулзаж цайралцах хэрэгтэй байж. Даанч богино ухаантай төрсөн хойно яая гэхэв. Харин сая л ойлголоо. Үрийн маань эцэг, миний жаргааж чадаагүй тэр хүнийг жаргаасны чинь төлеө би чиний өртөн явжээ. Тэр өрөө чамд би төлөхөес одоо нэгэнт хожимджээ. Гэхдээ хүү минь л миний төлөөнөөс төлөхийг ч хэн байг гэхэв" гэхэд нь Дожидын нүүрнээс гал бутрах шиг боллоо. Хөлд нь нүүрээ нааж байгаад: "Үгүй дээ, Бүжин минь, үгүй! Би л чамд төлж баршгүй их өртэй. Харин хүүд чинь л төлөхийг хичээе" гэж хэлмээр байсан ч дуугаръя гэтэл хоолой нь тагларч, хөдөлье гэтэл бие нь хөшиж орхиод яаж ч болсонгүй.
Бүжин хүүгийнхээ тухай ярьсан нь, аашаараа ч эцгийгээ өвчсөн, гаднаасаа донгиодуу юм шиг харагдах атал цаанаа юм юмыг айхтар лав тусгаж авдаг, эмзэг эрх дураараа амьтан бололтой. Зун ч, өвөл ч, цайг халуунаар нь уудаггүй, заавал зайлж хөргөөд аль гэдэг, шүүрхийдүү чанасан булчин маханд дуртай, дэргүй, харин хелийнхөө уланд дэр шиг юм хийж унтдаг, бас хөмсөг Зумбын бага охинтой тоглож өссөн, хоорондоо ивээл жилтэй юмсан гэнэ.
Энэ бүхнийг ярихад хэдхэн хором л оржээ. Дараа нь эмч ирж Дожидыг гаргав.
Энэ бол хавар болсон хэрэг. Намар нь Бүжингийн хүү Ангир цэргээс халагдав. Тэрээр ээжийнхээ өнгөрснийг дуулсан, хэдэн мал, гэр орныхоо учрыг олчихоод буцна гэсэн яриатай иржээ. Хаана; хэнийд байхаа ч мэдэхгүй, дотроо гайхазнавч "Танайд хэд хоноё'1 гэж цуг алба хаасан нөхөддөе хэлж нэг л зүрхлэхгүй шаналж явжээ. Харин сумын төвд буутал Дожид гуайн хүү: “Ангиа ах аа!" гэсээр тосон гүйгээд ирэв. Цэрэгт явахаас өмнө ах дүүсэх нь бүү хэл, хоёр биеэрээ тулан уулзаж явсан нь үгүй, ер нь нутаг нугын опонх айлын хүүхдүүдийн л адил зүс мэдэхээс цаашгүй явжээ. Гэтэл одоо тийнхүү ахайлж дуудсаар хүрээд ирсэнд тэвдэвч, ёсыг бодон ах настайгийн хувьд тосон золгож зулайгий нь үнэрлэжээ. Тэгээд өөрийг нь авахаар хөтөлгөө морьтой ирснийг дуулахдаа баярласан гэж тоймгүй.

Уяан дээр буутал Дожид гуай гэрээс гарч санд мэнд гүйсээр ирж хоёр хацрыг нь үнсэн угтав. Тэгээд гэрт орж аян замынхаа тоос, хөлсийг дөнгөж нимгэлтэл тэрээр тогоонд оргиж байсан цайнаасаа шанагыг тасалж саалийн хувинд хэд зайлснаа: "Ам нь цангаа биз, бяцхан зөөгтүүлчихлээ" гэсээр аягалан барив. Дараа нь дэргэдэх гол дээр очиж усанд орчихоод ирвэл ч хоол ч бэлэн болжээ. Тэр нь шаант, богтоос оролцсон хэдэн бүхэл мах, огтлоод орхивол бор шүүс урсаж байна. Үүнийг харсан дүү нь "Олигтойхон болгочихгүй дээ!" гээд ээж рүүгээ хяламхийсэнд цаадах нь "Шүдтэй таанууст шүүстэй нь дээр биз" гэсхийж өнгөрөв. Орой унтах цаг болоход Дожид; "Энэ пүрштэй оронд дэртэй хэвтвэл хүүхдийн сээр нуруу чилчихвий. Харин нойрондоо төмөр өшиглөчихөж мэдэшгүй, уланд нь жийрэг ивчихье" гэсээр орыг нь засч өгөв.
Хзвтсэн хойноо бодоод үзвэл энэ өдрийн явдал Ангирт зүүд юм шиг санагджээ. Нутаг ус нь мөн атал гэр нь биш, гэтэл гэр нь биш атал ор нь мөн юм шиг бас ээж нь үгүй юм шиг атал, өөрийнх нь төлөө хэлж, хийдэг үг, үйлс нь үлдчихээ юу гэмээр Дожид гуайг ийм хүн гэж ер санасангүй. Ээж ч, бас энэ эгч ч хэн хэнээ чухам тийм хүн гэж мэдэхгүй байсан байх, эс тэгвэл хоёул хоорондоо сайн байх байсан бий. Аав л харин хоёулангий нь таньж мэдээд тэр хоёрын, хоёр гэрийнхээ, дүү бид хоёрын хооронд яваад байсан юм болов уу.
Өглөө босоод ирвэл цоо шинэ малгай, дээл, бүс, гутал орных нь өмнө байж байна. Дожидын хэлэхийг сонсвол эзгүйд нь хийж тавиад сүүлчийн хэдэн утас шидээсийг сая л гүйцээжээ.

"Үдээс хойш морь эмээллүүлж аваад нутгийнхаа айлуудаар орно уу даа, хүү минь. Энүүхэн дор Хайлантын цутгаланд хөмсөг Зумба гуайнх бий. Ээжийг чинь эргэж тойрч л байсан, дараа нь ажил явдалд нь ч явалцсан хүмүүсийн нэг дээ. Ганцаардвал дүүгээ дагуулж явна биз"гэнэ.
... Тэр намраас хойш хэдэн жил өнгөрчээ. Өчигдөрхөн зүүрмэг даан хөх ногооны униарт аниргүйхэн умбаж байсан Хээлэнт, Хайлант, Хүйлэнт гурван голын бэлчир өнөөдөр үхэр мал үзэгдэж, нэгэн гэр буув. Ангир ээжийнхийгээ нүүлгэн ирж зөөвөр тавьж байгаа нь тэр ажээ.

Чинагийн ГАЛСАН

Aмрагийн тэнгэр

Тэр зун, зун зунаас илүү сайхан зун байсан сан. Манайхан айл хотлоороо Чулуут голын сэргэлэн дэнжид зусч байлаа. Айлын маань бүсгүй Халиунаа эгч урьд хожид үзэгдэж харагдаагүй хачин сонин инээмсэглээд байхаар нь би өөрийн эрхгүй гайхан гөлөрчихсөн зогсож байлаа. Тэгсэн чинь Халиунаа эгч,
- Яав? Юугаа хараад байгаа юм гээд дахиад л өнөө ер бусын инээмсэглэлээрээ инээмсэглэхэд нь би бас инээмсэглэн,
- Та хүнд гижигдүүлчихсэн юм уу гэлээ.
- Юун гижиг? Би хэнд ч гижигдүүлээгүй. Яаж байна?
- Тэгээд, та яагаад зүв зугээр байгаа хэрнээ инээгээд байгаа юм?
- Аан! Бас! Гярхай жаал байх нь! Овоо, овоо. Хүн гярхай байхгүй бол аз жаргалынхаа хажуугаар өнгөрчихнө шүү.
- Та, тэгээд юунд инээсэн юм бэ?
- Чи бас инээмээр байна уу?
- Аа, хаа.
- Бас хөөе! хар нялхаараа байж. Хөлийн чинь тавгийг жаахан гижигдэхэд л чамд болоо. Үхэтлээ хөхөрнө, чи. Аа харин инээхгүй.
- Инээхгүй ээ? Инээх хөхерөх хоёр, хоёр өөр гэж үү?
- Өөр байлгүй яах вэ. Инээд гэдэг чинь хүний дотроос гардаг юм. Түүнээс биш гаднаас нь мянга гижигдээд хүн хөхөрнө үү гэхээс инээхгүй. Одоо бол би гижигдсэн ч хөхрөхгүй байхаа.
- Яагаад хөхрөхгүй гэж? Тэгвэл би таныг гижигдэе л дээ. Та хөхрөх нь үү, үгүй юү, үз.
- Ухай, бас дуртай юү. Эрийн хугархай гэсэндээ бас хөөрхөн зальтай амьтан байх нь. Битгий нэг бяруу болоогүй байж бухын явдлаар явах гээд байгаарай гээд царайгаа төв болгоход нь би дуугүй болж гутлынхаа хоншоорыг ширтэв. Халиунаа эгч инээд алдан,
- За, яасан? Гомдчихсон уу? За, за худлаа худлаа. Эгч нь тоглосон юм. Хөөе! Би чамд ёстой нандин юмаа үзүүлэх үү гэхэд нь би баярлан,
- Тэг!
- Харин чи хэнд ч үг алдаж болохгүй шүү.
- Алдахгүй ээ.
Халиунаа эгч намайг дагуулан Чулуут голын нэгэн цүнхээлийн эрэг дээр очин ус уруу зааж,
- Тийшээ хар. Юу харагдаж байна?, гэлээ.
- Загас явж байна. Алгана юм уу даа.
- Үгүй, үгүй, загасны цаана юу харагдаж байна.
- Загасны цаана уу? Аа бас нэг загас. Цаана нь бас нэг!
- Хн!. Чамд ямар ч авьяас алга.
- Ямар авьяас?
- Дурлах авьяас.
- Аа харлаа, харлаа. Нэг цагаан, цагираг юм байна,
- Тэр чинь.
- Юу юм бэ?
- Мөнгөн бөгж. Би эртээр зүүж ирээд ээжээс айгаад хийчихсэн юм. Хэн ч мэдэхгүй, хэн ч харахгүй, гоё газар хадгалсан байгаа биз дээ гээд өнөөх хачин сонин инээмсэглэлээрээ инээмсэглэв. Тэгэхэд л би анх удаа Халиунаа эгч ямар сайхан шүдтэй юм бэ гэж бодлоо.
- Энэ ямар учиртай бөгж гэж чи бодож байна?
- Мэдэхгүй.
- Би чамд ярьж өгөх үү.
- Тэг.
- Аа, болъё, болъё.Аягүй бол чи үе тэнгийнхээ банди нарт чалччихна.
- Үгүй дээ! Би хэнд ч хэлэхгүй. Би тэдэнтэй чинь барилдахаас өөр юү ч ярьдаггүй юм.
- Нээрэн биз?
- Нээрэн, нээрэн.
- Тэгвэл чи шанд нь маргааш үдээс хойш миний оронд хонь жаахан
хариулж өгнө шүү.
- Тэгье. Өдөржин ч хариулсан чадна.
- Лав биз?
- Лав гээд толгой дохиход минь Халиунаа эгч сууж байсан чулууныхаа дэргэдэх том хар чулуун дээр хуруугаараа ямар нэгэн юм хий бичих зуураа,
- Би байнаа гээд үгээ эхлэснээ дуугүй болон мөнөөх хар чулуугаа ширтэн инээмсэглэж.
- Энэ бөгжийг надад нэг хүн өгсөн юм байхгүй юү. Хотод их сургуульд сурдаг юм. Одоо амралтаараа ирчихээд байгаа юм... Ямар гоё, гоё юм ярьдаг гэж санана. Биширмээр... Тэр өөрийнхөө зүүж явсан бөгжөө надад өгсөн юм... Чи мэдэхгүй л дээ. Бөгж өгнө гэдэг чинь цаанаа нарийн учиртай байдаг байхгүй юү. Чи дурлал гэж юу байдгийг мэдэх үү гээд миний өөдөөс харлаа. Нэг тиймэрхүү юмыг хэлдэг гэсэн там тум төсөөлөл надад байсан бөгөөд тэр зүйл надад нэг ч их сонирхолтой санагддаггүй байсан болоод ч тэр үү, аль эсвэл мэдэхгүй хүн болж Халиунаа эгчээр "нууц" юмыг нь яриулчихъя гэсэндээ ч тэр үү би толгой сэгсрэв.
- Ямар гоё юм байдаг гэж чи санана. Чамайг миний оронд хааяа хонь хариулж өгч байх юм бол чинь чамд ярьж өгч байнаа
- Чадна. Би таны орноос хонины чинь ээлж бүхэнд явж өгч байсан ч чадна.
- Их сайн байна. Энэ янзаараа байгаад байвал чи, хүнээр гайгүй амьтан болно шүү. Гэхдээ ээлж болгондоо ч би чамайг хонинд явуулахгүй ээ. Тэгэх юм бол чи бид хоёр "баригдана". Хааяа, хааяа хагас өдрөөр, миний яв гэсэн үед л явж өгч байгаарай гэхэд нь би толгой дохиод,
- Танд энэ бөгжийг өгсөн хүнийг чинь хэн гэдэг юм бэ?
- Бас! Даврах нь! Зүгээр л байж үзээрэй. Чи түүний нэрээр яах гэсэн юм?
- Зүгээр л... Сонирхсон юм.
- Хн! Их гоё нэртэй гээд л бодчих. Тийм нэр манай энэ хавьд л лав байхгүй, нээрэн шүү Ертенц дээр ч тийм сайхан нэртэй хүн ховор байх гээд дуугүй болон голын урсгал дагуулан алсыг ширтэв.
Энэ өдрөөс хойш ертөнц дээр дурлал гэж нэг их гоё юм байдаг, дурласан хүн Халиунаа эгч шиг сайхан инээмсэглэдэг, бас тэр дурлал гэдэг юмыг гүн усны цүнхээлд хадгалдаг гэдгийг мэдсэнээс хойш урьд өмнө сонирхогддог байсан юмс сонин биш болов. Тзр ч бүү хэл үе тэнгийн хүүхдүүдтэй барилдах ч, барилдаад дийлэх ч, загас жараахайтай хөөцөлдөх ч сонин биш болчихов. Харин юм бүхнийг гярхай ажиглан, тэр юманд дурлал байгаа эсэхийг мэдэх гэж эрмэлзэх боллоо. Инээж байгаа хүмүүсийг хармагцаа би инээж байна уу, хөхөрч байна уу гэдгийг нь ялгах гэж мэрийнэ. Ингэж ажиглаж яваад аав ч, ээж ч. Халиунаа эгчийн ээж ч Халиунаа эгч шиг инээдэггүй болохыг анзаарсанаас гадна ээж, Халиунаа эгчийн ээж хоёрт мөнгөн бөгж байхгүй, тэд зевхөн алтан бөгжтэй болохыг нь мэдэж, тэдэнд дурлал байдаггүй юм байна гэж ухаарсан бөгөөд ерөөс манай хотонд дурлал гэдэг тэр сонин сайхан юмыг зөвхөн Халиунаа эгч бид хоёр л мэддэг тэр гоё юм Чулуут голын цүнхээлд гялалзан харагдаж байдаг гэж бодохоос өөрийн эрхгүй баяр хөөр тернө. Бас түүнээс гадна хүмүүс сайхан муухай нэртэй байдаг, ертөнц дээрх хамгийн сайхан нэр бол Халиунаа эгчийн нэр гэж бодогдон, хээр хөдөө хонь малын захад явахдаа "Халиунаа, Халиунаа" гэж өөртөө шивнэн, заримдаа унаж яваа мориныхоо чихийг сортосхийтэл нь чангаар "Халиунаа" хэмээн өгүүлдэг байлаа.
Хэд хоногийн дараа Халиунаа эгч намайг сэм дуудан, бусдаас зайдуу аваачаад,
- Өчигдөр ямар гоё юм болсон гэж чи санана. Одоо ч ул мөр нь надад байж л байгаа.
- Алив үзье.
- Над уруу сайн хар. Чи ч харахгүй л байхаа даа. Чиний нүд чинь нээгдээгүй байгаа. Одоохондоо чи бол өндөг.
- Тэр хавьцаа байгаа гээд та хэлээд өг л дөө. Тэгвэл чинь би харна.
- Энд. Уруул дээр... Юү харагдаж байна?
- Юу ч харагдахгүй байна,
- Харахгүй гэж би чамд хэлээгүй юү. Өндөг юм харж байхыг чи үзсэн үү?
- Юу байгаа юм бэ?
- Түүний уруулын мөр миний уруул дээр байгааг чи харахгүй байна уу... Өчигдөр намайг үнссэн. Ямар үнсдэг гэж чи санана гээд нүдээ анин хуруугаараа уруул дээгүүрээ ямар нэгэн юм тэмтрэн инээмсэглэхэд нь Халиунаа эгчийн өнөө гоё танан цагаан шүд нь гэрэлтэй юм шиг яралзана. Халиунаа эгчийг би ийм гоё уруултай болохыг нь өдий болтол хараагүй явснаа бодохоор үнэхээр л би "өндөг" юм даа гэж өөрийгөө зэмлэн, хүний уруул дээр уруулын мөр байгаа эсэхийг нь ганц хараад л мэдчихдэг болъё гэж бодлоо. Тэр өдрийн маргааш өглөө Халиунаа эгч надаас
- Урьд шөнө чи ямар зүүд зүүдлэв гэж асуулаа.
- Мэдэхгүй, зүүдлээгүй байхаа. Та зүүдлэсэн юм уу?
- Зүүдлэсэн.Чи намайг ямар сайхан зүүд зүүдлэсэн гэж санана. Сэрчихээд уруулаа хэлээрээ шилэмдэхэд амт нь амтагдах шиг санагдсан.
- Аа, мэдлээ! Та их гоё юм идэж зүүдлэсэн үү?
- Юун идэх юм! Тэрнээс чинь хамаагүй гоё.
- Тэгээд, та ямар зүүд зүүдлэсэн юм бэ?
- Тийм зүүдийг хүнд ярьдаггүй юм.
- Яривал яадаг юм?
- Хэн нэгэн хүнд ярьчих юм бол чинь зүүдлэсэн зүүд чинь бүтдэггүй юм.
- Тэгвэл та надад битгий яриарай.
- Чи нээрэн овоо жаал шүү. Овоогий чинь бодвол ярьчихмаар л байна. Даанч болохгүй л дээ. Яагаад гэвэл би тэр зүүдийг бүтээсэй гэж бодоод байгаа юм.
- Яах юм, яах юм гэсэн хэрнээ "ямар зүүд зүүдлэсэн юм бол. Яриад өгөөч гэвэл ярих л байсан даа" гэж бодохоор бяцхан харамсал төрж байсан боловч,
- Таны зүүд чинь бүтнээ гэж хэлэхэд Халиунаа эгч баярласан янзтай,
- Ерөөлөөр чинь болог гэлээ.
- Сайхан зүүд зүүдлэх үнэхээр сайхан уу?
- Сайхнаар барах уу. Өдөржин сэтгэл өег явна гээч. Зарим сайхан зүүд бүр хэдэн өдөр ч сэтгэл санаанаас гардаггүй юм. Ер нь орчлонд зүүд шиг сайхан юм хаа байна Хүн зүүдэндээ жаргадаг шигээ жаргадаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд шүү дээ. Дамаан бусдын зүүдэнд орох
- Бусдын зүүдэнд орох оо?
-Тийм. Тэр намайг хэдийн зүүдлэсэн гэсэн.
- Ямар гоё вэ! Таныг хүн зүүдлээд л ...
- Чамайг ч гэсэн мөд зүүдлэнэ шүү дээ.
- Хэн?
- Хэн нэгэн хүн ...
"Хэн нэгэн хүн" гэсэн нь надад хачин сонин санагдав. "Хэн намайг зүүдлэх юм бол?" гэж бодохоор өөрөөс нь өөр хүн эс олдоно. "Тэгвэл мөн гоёо. Их сайхнаар зүүдлэгдэх юмсан. Хэрэв намайг зүүдлэвэл, зүүдлэснээ надад хэлэх болов уу..." гэхчилэн элдвийг угсруулан бодсоор заримдаа би Халиунаа эгчид зүүдлэгдчихсэн юм шиг болж, хариуд нь өөрийг нь хэн ч зүүдлээгүй сайн сайхнаар зүүдлэхсэн гэж мөрөөдөн хэдэн шөнө дараалан зүүдлэх гээд чадсангүй. Халиунаа эгч зүүдэнд минь орж өгөхгүй байлаа. Магадгүй, өөр хүний зүүдэнд ороод байгаа болохоор ч тэр байж мэднэ.
Заримдаа "Та миний зүүдэнд орооч" гэж гуймаар санагдана. Тэгж гуйж болохгүй гэдгийг зөнгөөрөө мэдэж байгаа хэрнээ харцаар гуйдаг байлаа, Тедөлгүй Халиунаа эгч нэг их сонин үгтэй дуу аялах болов.
- Та хаанаас ийм гоё дуу сураа вэ?
- Тэр надад зааж өгсөн юм.
- Та, тэгээд, яасан амархан сурдаг юм.
- Дуу сурах, ер юу байх вэ дээ. Харин мартах нь л хэцүү.
-Мартаж яах юм, дуулаад л байхгүй юу.
- Чи мөн ч нялхаараа байна даа. Хуучнаа мартахгүй бол яаж шинэ дуу сурах юм.
- Сурсан дуугаа мартах амархан уу?
- Гайгүй ээ. Зарим нь мартагдахгүй, зовоодог л юм гэснээ санаа алдаад "Амрагийн тэнгэр алсхан л байна уу даа" гээд нэг л уйтгартай аялав.
- Та яагаад ийм их уйтгартай байгаа юм бэ?
- Учрах хагацах гэж үнэхээр айхтар юм байдаг юм байна даа гээд санаа алдан,
- Нөгөөдөр хот уруугаа явчихна. Шувуугаа дагаад явчихаж чаддаггүй нуур шиг л мэлтийгээдхоцорно доо гээд харцаа надаас буруулав. Нүдэнд нь нулимс дүүрч ирэхийг зэрвэсхэн харсан болоод ч тэр үү, аль эсвэл нулимс унаган суугаа бүсгүй хүн аргадаж үзээгүйдээ ч тэр үү, яах ч учраа олж эс чадан дэмий л баахан дуугүй суув.
Халиунаа эгч алчуур гаргаж нүдээ арчаад,
- Би чамд хэлээгүй байхаа даа, энэ алчуурыг тэр надад өгсөн юм гээд надад өгч үзүүлэв. Эргүүлж тойруулж үзэж байсан чинь нэг их содон үнэр гарах шиг болохоор нь үнэрттэл Халиунаа эгч миний гараас алчуураа булаах шахуу аваад,
- Үүнээс хойш, түүнээс цааш бүсгүй хүний алчуурыг битгий үнэрлэж байгаарай гэлээ.
Тэр өдрөөс хойш Халиунаа эгчийн нулимс мэлтэгнэсэн хар нүд хонь малд явсан ч, тооно ширтэн хэвтэж байсан ч нүдэнд минь харагддаг болчихов. Сэрүүн байхад нүд, шүд, дуу хоолой нь дэргэд юм шиг нүдэнд ийм тод томруун харагддаг хэрнээ огт зүүдлэгдэхгүй байгаад нь би гайхна. Халиунаа эгчийг зүүдэлж чадахгүй байгаа маань би өөрөө түүний зүүдэнд орж чадахгүй байгаатай л холбоотой юм шиг бодогдоно.
Алчуураа надад үзүүлсэн тэр өдрийн нөгөөдөр орой нь Халиунаа эгчээр нөгөө шинэ дууг нь заалгая гэж бодон, саах хонь буцааж явахад нь гүйж очлоо. Миний бараанаар Халиунаа эгч газар суун намайг хүлээж байлаа. Би гүйж очин дэргэд нь суугаад "Нөгөө дуугий чинь заалгая" гэж хэлэх санаатай түүний зүг хартал Халиунаа эгч хүзүүн дээрээ хүнд чимхүүлчихсэн харагдав. Тэгэхээр нь би :
- Эгчээ, таны хүзүүг хэн чимхчихээ вэ гэлээ. Халиунаа эгч,
- Юу?! гээд хүзүүгээ гараараа тэмтчихээр нь би гарыг нь өнөө чимхчихсэн сорви дээр аваачин,
- Энд. Бүр улаан сорвитой болтол нь чимхчихэж.
- Яанаа. Ээж харчихаагүй байгаа гээд хоолойныхоо товчийг товчлоод,
- Одоо харагдаж байна уу?
- Үгүй
- За. яамай. Ямар азаар чи харав аа гээд санаа алдан тонгойж,
- Яваад өгсөн шүү дээ гэж хоолой зангируулан хэлэв.
Ийм үедээ надад дуу зааж өгөхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн би хэлэх гэснээ хэлсэнгүй. Харин "яваад өгсөн шүү дээ" гэдэг үгийг сонссоноосоо хойш яагаад ч юм надад нэг их баяр хөөр төрж, түүнээ Халиунаа эгчээс нууж ядан суулаа. Хэрэв тэр үед миний нүүр өөд харсан сан бол урьд хожид үзэгдэж харагдаагүй инээмсэглэлийг минь ул мөрийг олж харах байх даа,
Чухам яг энэ өдөр би Халиунаа эгчид тэр нөгөө содон үнэртэй алчуур шиг нь алчуур авч өгье гэж бодсон билээ. Энэ хүслээ биелүүлэхийн тулд ааваас ном авна гэж хэдэн төгрөг аваад сумын төв орж бүх л дэлгүүр мухлагаар нь орсон боловч олсонгүй. Хожим хойно би тийм алчуурыг хаа ч худалддаггүй болохыг мэдсэн юм. Гоё нэртэй хүнээ явчихсанаас нь хойш Халиунаа эгч "Амрагийн тэнгэр алсхан л байна уу даа" гэсэн сонин үгтэй дуугаа үргэлж шахуу аялаж явах болсон учраас би заалгах ч зовлонгүй, хар аяндаа сурчихав. Нэг өглөө үхэрчилж явтал Халиунаа эгч инээд алдан гүйж ирээд намайг тэвэрч хоёр хацрыг минь ээлжлэн үнсч, толгойг минь цээжиндээ удтал тэврэн,
- Би урьд шөнө цаадахыг чинь зүүдэлсэн. Одоо надад удахгүй захиа ирнэ, мэдэж байна уу чи, захиа гэж юу болохыг гэхэд нь би арай чүү шүлсээ залгин,
- Мэдэж байна. Та бас зүүдэнд нь орсон болоод л тэр гэж хэлэхдээ хатан аргасан хоолойныхоо хэрхэн чичирч байгааг мэдэрлээ. Аз болоход Халиунаа эгч анзаарсан ч янзгүй,
- Нээрэн, тийм байх шүү. Чи бас тэгэжээ байгаад эрийн хагархай юмаа хэмээн баярлан өгүүлэв
Тэгэхэд л би Халиунаа эгчийг ямар халуун, зөөлөн уруултай болохыг, түүний цээжинд толгойгоо наан зогсоход хамаг биеэр минь түүний биеийн халуун илч гүйж байсныг дахин дахин амтархан бодож, Халиунаа эгчтэй өвөрлөлдөх ямар сайхан бол гэж сэмхэн мөрөөснө.
Захиа ирэх хугацаа өнгөрч удах тусам Халиунаа эгч дуугаа хураан, нөгөө бөгж байгаа цүнхээлийнхээ эрэг дээр ганцаар суух нь ихэслээ. Бид хоёр нөгөө бөгжөө уурганы үзүүрээр гогдон авах гэж байгаад ёроолынх нь лаг шаварт шигтгэн алга болгочихсноос хойш бүр ч гунигтай байдаг боллоо. Би хэдийгээр Халиунаа эгчийг инээлгэж, хөгжөөж чадахгүй байгаадаа гутрах авч дотроо захиа битгий ирээсэй гэж бодно.
Нэг өдөр Халиунаа эгчийг Чулуут голын эрэг дээр ганцаарханаа сууж байхад нь би очлоо. Халиунаа эгч уйлсан бололтой байв.
- Та яагаа вэ?
- Яагаа ч үгүй ээ.
- Тэгээд, та яагаад уйлсан юм? гэхэд Халиунаа эгч уртаар санаа алдан,
- Том болоод хүнд битгий сайн болоорой.
- Яагаад тэр, вэ?
- Чамд юу ч байхгүй болох болно.
- Ямар юм байхгүй болно гэж? Зүүд үү?
- Ямар юм байхгүй болохыг нь чи эхлээд мэдэх ч үгүй. Харин байхгүй болсон хойно нь л чи юу байхгүй болсныг мэдэх болно.
- Байхгүй болчингуут нь хаа нэг газраас авчихгүй юү.
- Чи ч үнэхээр нялх амьтан юм да. Буцаж олддог, хаа нэг газраас авчихаж болдог юм чинь байхгүй болдоггүй юм ...
Энэ үгийнх нь учрыг би намар орой болж, манай хоёр өөр өөрийн өвөлжөө бууцыг бараадан хоёр тийшээ салж нүүх болоход мэдэв. Тэгэхэд би цүнхээлийн ёроолд алга болчихдог өнөөх мөнгөн бөгж шиг нь бөгж авч өгнө гэж өөртөө андгайлж билээ.
Сургууль цуглаж, хичээл эхлэв. Би ангийнхаа охидыг нэг бүрчлэн ажиглавч Халиунаа эгч шиг нүд шүдтэй, Халиунаа эгч шиг инээмсэглэдэг охин олж харсангүй. Бусад ангиудад ч, сумын төвийн хүүхнүүдийн дунд ч Халиунаа эгчтэй төстэй хүн байхгүй байлаа. Намрын сүүл сар гарч байх үед Халиунаа эгчийг хот уруу явчихсан сураг дуулдаад чимээ тасрав. Тэгмэгц нь би Мижид дарханаар мөнгөн бөгж цохиулна гэж цуглуулж байсан хэдэн төгрөгөө бүр олон болгож байгаад хот орж эрдэм сураад, Халиунаа эгчийг олж уулзан биширмээр гоё гоё юм ярина гэж шийдэн, аав ээж, ах эгчийн өгсен мөнгийг элдэв аар саарханд үрэлгүй ширхэгчлэн хямгадсаар овоо ч хэдэн төгрөгтэй болж байтал байрны маань ахлах ангийн хүүхдүүд дээрэлхэн хайрцаг савыг минь нэгжиж байгаад бүгдийг нь олоод авчихав. Би багш, захиралд хэлье гэтэл "юун мөнгө, яах гэж энэ их мөнгийг хадгалж байсан юм" энэ тэр гэж байцаах л лав тул яаж ч чадалгүй өнгөрөв. Тэгэхэд л нулимс ямар шорвог гашуун байдгийг мэдэрч билээ.
Тэр цагаас хойш Халиунаа эгчийн барааг харалгүй хичнээн ч жил болж вэ дээ. Он жил улирах тусам Халиунаа эгч бид хоёрын нас улам ойртсоор бид хоёр чацуу болж, төдөлгүй би Халиунаас ах болж, жил өнгөрөх тусам Халиунаа бид хоёрын нас эргэж ойртохын аргагүй холдсоор л байнам.
Дарамын БАТБАЯР