Охиноо өсгөхдөө эцэг нь нэг удаа ч түүгээр ойр зуурын гэрийн ажил хийлгэж байсангүй. Эхгүй өссөн юм, эвий минь бяцхан амьтан гэж хайрлаад гэр орны ажил хийлгэдэггүй байв. Хоол унд хийх, хувцас хунар угаах, гэр орон цэвэрлэх энэ бүгдэд эмзэг зөөлөн гар хуруутай турьхан охиноо огтхон ч хүргэдэггүй байлаа. Залхуутай ч гэмээр хорвоогийн нэг ижил өдөр хоногууд алгуурхан өнгөрсөөр охин хорин нас шүргэв.
Нэг өдөр аавынх нь бие өвдөж, босож чадахгүй хэвтлээ.
Нуруу нь өвчтэй аав нь жаахан хөдлөхөд зоо нуруу нь тасарчих гээд хэрдээ үүнийгээ охиндоо мэдэгдэхгүйг хичээн шүд зуун тэсвэрлэх нь өрөвдөлтэй. Тэгсэн ч хөмхийгээ тасартал зуусаар босч охиныхоо оройн хоол ундыг бэлтгэв. Дараагийн өдөр нь үг хэлж чадахаа ч байсан эцэг өдрийг арай ядан өнгөрөөлөө. Охин нь хичээлээсээ орой ирэх тул өдөржин хоол ундгүй хэвтсэн эцэг охиндоо хоол хийхээр хамаг хүчээ шавхан босч, олон жил өөртэйгөө ярин гангар гунгар хийж элээсэн гал зуухны өрөө рүүгээ хана тулсаар орж, хийж дадсан зүйлээ хийх гэтэл үнэхээр чадал хүрсэнгүй, толгой нь эргэн ширээгээ түшин авчээ. Зүрх нь хүчтэй цохилж, амьсгаа нь давхцан, хамаг бие нь салгалан чичирнэ. Гэвч үртэй хүн үхэж чаддаггүй гэгчээр охиныгоо иртэл, хөргөгчнөөс хөлдүү мах гаргаж гэсгээв. Гурил зуурахаар түмпэнд гурил хийсэн боловч нуруугаар нь хатгаад хөдөлж чаддаггүй. Хүч чадал нь барагдсан эцэг сандал дээр лагхийтэл сууж авлаа. Ганц охиндоо аяга хоол хийгээд өгч чадахгүй, ийм ядарсан эцэг байх гэж дээ гэж өөрийгөө голж, өөртөө уур хүрэв. Ийнхүү өөрийгөө мянга зэмлэвч түүний үнэхээр чадал барагджээ... Хичээлээсээ орой тардаг оюутан охин автобус дамжсаар арай гэж гэртээ ирэхэд нь аав нь гал зуухныхаа өрөөнд түмпэнтэй гурил барьчихсан гар нь таг зуурсан чигтээ хөшчихсөн сууж байлаа. Сандарч мэгдсэн охин “Аав аа, та амьд уу? Юу болох нь энэ вэ ?” орь дуу тавин очиход аав нь арай л амь нь гарчихаагүй, нулимс гүйлэгнэсэн хоёр нүд нь хөвөн наасан мэт буурал хөмсөгний дор муухан сүүмийж байх нь тэр. Охин түргэн дуудаад аавыгаа эмнэлэгт хүргэв. Ядаргаанд орсон аав нь үе мөчний өвчин нь сэдэрч, хуруу гар нь татчихсан байсан тул удаан хугацаагаар эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болжээ. Аминдэм ихтэй ногоотой хоол, жимс идэх хэрэгтэй эмч хэлсэн тул охин аавдаа хоол хийж, эмнэлэгт эргэх хүнд “ажилд” унажээ. Эмнэлгийн хоолонд аав нь төдий л хоолшихгүй болохоор өдий болтол аяга бантан зуурч сураагүй охин бэлэн хоол гуанзнаас авчирч аавыгаа хуурна. Гэвч эцсийн дүнд аавд нь гэрийн хоол чухал болохыг аавынхаа ихэнхи талыг нь үлдээсэн хоолны саван дахь хоолны үлдэгдлээс охин ойлгов. Охин аавынхаа зүүдэг хормогчыг зүүгээд гурил зууран, бууз хийхээр шийдэв. Хуруугаа огтлохоос наагуур болж байж махаа татав. Сонгиноо хэрчээд давсаа хийн амтлах гэтэл хэр хэмжээний давс хийхээ мэддэггүй. Ер нь гал зуухны өрөө бол охины хувьд огт танихгүй ертөнц байлаа. Энэ өрөөнд орж хоол идэхээ л тэр мэднэ. Дүүрсэн хэрэг, жижиг халбагаар нэг давс хийлээ. Давс нь таарсан үгүйг яаж мэддэгийг тэр огт гадарлахгүй. Хэрэв түүний оронд аав нь байсан бол базсан шанзаа хамартаа ойртуулан үнэрлэх юмуу эсхүл жижиг саванд хийгээд цахилгаан зуухны ширэм дээр шараад мэдэх байлаа. Охинд тэр талаар огтхон ч мэдэхүүн алга. Гурил зуурах гэж яаж хөглөсөн гэж сананаа. Нялцайсан юм зуурчихаад хуурай гурил хийж гараа өвдтөл нухав. Гурил нь гараар нь дүүрэн наалдаж, гурил хэсэг бүлгээрээ эвлэрч өгөхгүй түүний нулимсыг үзэв. Гурил зуурахаасаа илүү хувцас хунар түмпэн сав, ширээ, шал хамаг юмаа хуурай гурилаар заваартуулав. Гэвч охин нулимс дуслуулан нухсаар гурилаа нийлүүлэхчээ боллоо. Гурилаа таслах гэж том жижгээр нь тасдаж, дараа нь нэгэн хэвийн болгох гэж үйлээ үзэв. Элдэнэ гэдэг бас л хэцүүхэн даваа. Гол нь нимгэрээд нэг л биш. Чимхэнэ гэдэг хамгийн хэцүү нь байлаа. Үхсэн хулганаас ч дор гурилд боосон мах болов. Жигнүүрээ тавилаа. Хугацаагий нь мэдэхгүй тул нэг дахин илүү хугацаагаар жигнэв. Цайгаа ч нэг юм аргалав. Усаа буцлахаар цай давс сүүгээ нэгэн зэрэг хийгээд цэхийсэн юм чаналаа. Амсаад үзсэн нэг л биш. Аавынх нь аягалж өгдөг ааг амт үгүй байв. Тэр мөчид охин аавынх нь хайр ямар аугаа болохыг ойлгожээ. Охины мэдэхгүй чадахгүй олон юм аав охин хоёрын хооронд чулуун хана мэт байсаныг сэхээрэв. Охиноо нүдний цөцгий мэт хайрласан аавд буруу гэж юу байх вэ. Харин ийн эрх танхи өсгөсөний бурууг аав биш охин үүрэх байсаныг тэнгэр л мэдэх газар. Аав ч бас өөртөө харамсах цаг ирэхийг түүнээс өөр хэн мэдэх билээ... Эргэлтийн цаг дуусахаас өмнө амжих ёстой. Бас солих дотуур хувцас хэрэгтэй. Ханан шүүгээний хаана аавынх нь дотуур хувцас байгаа юм бол? Үрчгэр юм бариад очилтой биш, яаж индүүдэх вэ? Түмэн мэдэхгүй асуулт охиныг боомилж “алах” дөхөж байлаа. Эцэст нь охин үр гэсэндээ энэ бүгдийг чадан ядан хийв. Буузаа гаргалаа. Ёроол нь бүтэн нэг ч бууз байсангүй. Шилэн саванд хийж таглалаа. Цайгаа халуун саванд юүлэв. Тэгээд эмнэлэг рүү унаж тусан яаран сандран гүйв... Эцэг охиныхоо авчирсан хоолыг идэхээр босч суулаа. Нэг үеэ бодвол бие нь илаарьшиж, орон дээрээ босч суухтайгаа болжээ. Бууз нь хөрж орхижээ. Шилэн савны гадуур зузаан цаасанд ороогоод, алчуураар ороосон бол хөрөхгүй байсан. Гэсэн ч эцэг охиныхоо гараар хийсэн гэрийнхээ хоолыг идэхээр завдав. Халуун цайнд хийгээд давсгүй буузыг огт гололгүй идэж орхилоо. Өрөөнийх нь өвчтнүүд заншил ёсоор эргэлтийн хоолонд ам хүрсэн ч нэг нэг “бууз” хоолойныхоо хөндий рүү нилээн зовж оруулах шиг болно лээ. Нүдээрээ бие бие рүүгээ жуумалзах нь шоолсоны шинж. Эцэг охиноосоо хэн энэ хоолыг хийв гэж асуусангүй. Эцгийн зөн охиныхоо хэрхэн хийсэнийг асуултгүй мэдэрч, охиноо өрөвдөн дотроо уйлж байлаа. Мөн өөрийгөө өдий болтол охиндоо юу ч зааж сургаагүйдээ амаа баран гасална. Гэлээ ч анхны алхмыг хүндэтгэх ёстой гэж бодно. Охин асрагчаас тортой саваа авахадаа аавынхаа өгүүлсэн хорин дөрвийн хоёр чихрийг нэгэн зурвастай авчээ. “Баярлалаа охин минь, сайхан бууз хийсэнд баярлалаа. Охин минь хоол ундаа сайн идээрэй, ээ дээ өглөө босоод цайгаа чанаж ууж байгаарай” гэж бичсэн аавынхаа зурвасыг аваад охин өөрийнхөө хэмжээнд зөндөө баярлав. Айлын ажилсаг сэргэлэн хүүхдүүд арван настайдаа ч хоол цай хийж чаддаг. Харин мань “эрх”-эд энэ бол хамгийн том баяр байв. “ТАНЬДАА БИ ХАЙРТАЙ ШҮҮ. МаАРГААШ БИ УЛАМ САЙНЫГ ХИЙНЭЭ, ААВАА ХУРДАН ЭДГЭЭРЭЙ” гэж хариу зурвас өглөө...
No comments:
Post a Comment