expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Thursday, January 22, 2015

Гурван сайхан уулын домог

Эрт дээр цагт юм гэнэ. Хангай нутагт шунахай ховдгоороо шулам болсон нэгэн баян байдаг байжээ. Шунахай баян дэрсхэн гурван сайхан охинтой юмсанжээ. Охид нь өсөж торниж олны хараа булаасан, онцгой сайхнаараа хошуу нутагтаа гайхагдсан гоо үзэсгэлэн төгөлдөр нас бие гүйцсэн бүйсгүйчүүд болоход баян аав нь охидоо хадамд гаргахаар шуурхай бэлтгэж хошуу нутагтаа баян чинээлгээрээ нэрд гарсан гурван хөгшин ноёнд гэргий болгохоор сэм тохиролцчихоод байгааг нэг өдөр ээж нь охидууддаа хэлчихжээ. Хүсэл хайрын жигүүрээ дэлгэж яваа тэдний онгон зүрхийг хүйтэн хөлдүү чулуугаар хайрах шиг болж хүнд хэцүү зовлон хүлээж байгааг  гэнэт ойлгосон охид аав ээжээсээ нууцхан зөвлөлдөж алс холын говь нутагт очиж амьдрахаар шийдэж гэнэ. Баяжихаас өөрийг боддоггүй аавыгаа ховдог шунахай ноёдод өөрсдийг нь гэргий болгож өгөхөөр болсонд хязгааргүй  ихээр гомдож нэгэн шөнө гэрээсээ сэмхэн гарч хамгийн хурдан морьдоо унаж өндөр өндөр уулсыг давж, өргөн өргөн говийг гатлан явж өмнийн цэлгэр говьд ирж амьдран суужээ. Алсаас ирсэн гурван сайхан бүсгүйн тухай мэдээ говь нутгийнхны  дунд дорхноо тарж, хамгийн захын айл өрхөд хүртэл түгжээ. Энэ үед алс зүүн зүгийн говь талаар нутгийн баячуудын адуун сүргийг өдөр шөнөгүй манаж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг Өлзийт, Цагаан, Цогт гэдэг гурван сайхан залуу өнөөх гурван сайхан охидын тухай мэдээ тэдний чихийг нэгэн адил дэлсжээ. Нэгэн удаа гурван залуу сүргийн бэлчээрт уулзаж хол нутгаас босож ирсэн охидын тухай ярианд шилжжээ. Гурвуулаа тэр бүсгүйчүүдтэй уулзаж учрах нэгэн санаатай болохоо мэдэж цаг болзон адуун сүргийнхээ дотроос хамгийн сайхан морьдыг шилж унаад шөнийн манаанд  гарах цагийг тааруулан явахаар тохиролцжээ. Түүнээс хойш орой бүр гурван залуу гурван хүүхнийд очиж хайр сэтгэлээ илчилж ханилан сууж амьдрах тухайгаа хүртэл ярилцдаг болжээ. Энэ мэт учран уулзсаар байгааг баяны даалгавартай нэгэн зарц мэдэж тэдний нууцыг эзэндээ ховолчихож гэнэ. 
Адуун сүргийг нь эзгүйдүүлж ардаг хурдан хайртай морьдыг нь ээлжлэн унаж байгааг мэдсэн баяны хорсол туйлдаа  хүрч адуучин гурвыг барьж ирээд арав арав банздаж, хоёр хөлд нь хүнд гинж уяж, хонины бэлчээрээс цааш холдох чадалгүй аргалчин болгочихсон учир хайртай амрагууддаа очиж уулзахаас нэгэнт  өнгөрчээ. Шархны халуун, сэтгэлийн гунигт автсан гурван хөвгүүнийг мөрөөдсөн гурван сайхан бүсгүй аагим халуун зуны цагт аадрын ариун хураар цээжийг нь дэвтээж, хөхөө өвлийн цангинам үед хөвөн зөөлөн цасаараа хучдаг болж гэнэ.  Энэ цагаас хойш танхил залуу насны хайр сэтгэлийн үнэнчийг илтгэн адуучин гурван хөвгүүн  Өлзийт-Овоо, Цогт-Овоо, Цагаан-Овоо гэж гурван ижилхэн толгод болж мөнхжирч гэнэ.

Говьд идээшсэн гурван сайхан хүүхэн гурван сайхан уул болон сүндэрлэж жил бүрийн дулаан урин цаг ирэнгүүт хамгийн түрүүнд ногоон торгон дээлээ өмсцгөөн гунхалдаж, улирлын сэрүүн намар цаг болонгуут цагаан эсгий тоорцог малгай духлуулан гангалцгаадаг нь холоос ирэх ёстой хонгор хөвгүүдээ угтаж байгаа нь тэр гэнээ гэж домог өндөрлөдөг.  Арц гангын анхилам үнэр ханхалсан ариг цэнгэг булгийн ус жирэлзсэн  ариун цэнгэг агаарын амт сэнгэнэсэн, аргал янгир сүрэг сүргээр бэлчээрлэсэн гурван сайхан уулаа  нутгийнхан говийн сайхан хангай гэж нэрлэдэг. Гурван сайхан уул бол Алтайн уулын системд  багтдаг эртний атриат зөрөгт уул юм.  Говийн талархаг гадарга дээр тогтсон өндөр уулсын нэг болохоор хамгийн  түрүүнд хур тунадас унаж эрт зун болохын зэрэгцээ бас хамгийн анхны цас энэ уулыг хучдаг юм. Гурван сайхан уулаас зүүн тийш Цогтцэций сумын нутагт  Өлзийт-Овоо, Цогт-Овоо, Цагаан-Овоо гэдэг хоорондоо нэлээд хол зайтай гурван ижилхэн толгод байдаг.  Уул усны энэхүү зүй тогтлыг  ашиглан зохиосон  ардын энэ домогт ангит нийгмийн үед  залуу хүмүүсийн хайр сэтгэлийг элдвээр боогдуулан байсныг ингэж зүйрлэсэн байна. 

No comments:

Post a Comment