expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Thursday, March 19, 2015

Залуу хүний амьдралын “эрхэм” зорилго



Хүн болгон математикч болох албагүй, харин эцэг, эх болно гэдгээ мартаж болохгүй. В.А.Сухомлинский.

Хүн бүхэн л зорилготой байдаг шүү дээ. Өнөө маргаашийн, алс хэтийн, том, жижиг гээд л. Харин өнөөдөр би та бүхэнтэй одоогийн өрнөл бас ирээдүйн эхлэл болсон залуу хүний амьдралын “эрхэм” зорилгын тухай ярилцъя.

Бидний амьдралын хамгийн эрхэм зүйл юу вэ? Амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй, түүнгүйгээр би хэн ч биш мэт, түүнгүйгээр оршин байх боломжгүй мэт төсөөлөгддөг, ус агаар шиг эрхэм тэр зүйлийнхээ тухай эргэцүүлэн бодоцгооё. Мэдээж та үүнд огтхон ч эргэлзэлгүй миний гэр бүл гэж хариулах байх. Тэгвэл залуу хүний амьдралын "эрхэм" зорилго гэдэг бол амьдралын хамгийн үнэ цэнэтэй, эрхэм нандин зүйлийг хадгалж үлдэх, хамгаалах, басхүү бүтээх явдал юм.

Нийгмээс ангид хүн гэж байхгүй. Хэрэв тийм хүн байвал нэг бол бурхан, аль эсвэл араатан - Аристотель.

Жигшмээр аймшигт гэмт хэрэг, сэтгэл эмзэглүүлэм үйл явдлууд шил дараалаад л олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж олны айдас түгшүүр, уур бухимдлыг хүргэх болжээ.

“Хорь ч хүрээгүй охид эцэггүй хоёр хүүхдээ тэжээх гэж биеэ үнэлэн зогсоно.., Төрсөн эцэг нь охиноо зодсоор байгаад алчихлаа.., Дөнгөж төрсөн нялх хүүхдээ хогийн уутанд хийгээд хаяжээ.., 19-тай биеэ үнэлэгч охин яг үнэндээ биднийг хүмүүс сонирхох нь багасаад байгаа 13, 14 тэй охидыг илүү сонирхдог гэж ярьж сууна” ... Ээ бурхан минь, үүнд хэн буруутай юм бэ?

Мэдээж хэрэг хийсэн хэргийнхээ төлөө ял эдэлсэн, эдлээгүй санаатай, санамсаргүй үйлдсэн тэр гэмт хэрэгтнүүд буруутай. Харин тэр гэмт хэрэгтнүүдийг хэн бий болгов? Хэнээс, юунаас болж тэд тийм нөхцөл байдалд хүрэв? Тэд тэнгэрээс унав уу? газраас ургав уу? Үгүй , тэд бол хүн. Оюун ухаант хүн төрөлхтөний хөгжлийнхөө явцад бий болгосон нэгэн агуу зүйл болох нийгэм, эцэст нь эргээд өөрсдөө нийгмийнхээ бүтээл болдог хүн төрөлхтөн! Тэд бидэнтэй л адилхан аав ээжийн хөвгүүд, охид. Тэд цэцэг шиг ариухан, цаас шиг цагаан төрөөд адгийн хог шаар, бүр араатнаас дор амьтан болж өсдөг юм. Дахиад асууя, “Үүнд хэн буруутай юм?”. Бид, бидний үр хүүхэд хойч үе эрүүл аюулгүй орчинд амьдарч, аж төрөх баталгаа бий? Бид хэнийг буруутгах ёстой юм бэ? Өнөөх л муу нийгэм гэж чичилж сууна уу? Тэгвэл 21-р зууны хүн та өөрөө энэ нийгмийн нэгэн хэсэг гэдгээ битгий мартаарай. Ухаант хүн та энэ нийгмийн төлөө үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг уу? Мэддэг үү? Ухаардаг уу? Тэгвэл өнөөдрөөс эхлээд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе

Хүүхэд- шинэ амьдрал- шинэ ертөнц- шинэ төсөл; Тэд бидэнд асар их баяр баясал гэрэл гэгээ авч ирээд, түүнээс ч их үүрэг хариуцлагыг үүрүүлдэг. Тэр цав цагаахан цаас шиг цоо шинэ хүн төрөлтнүүд бидний алхсан мөрөөр даган алхаж, боссон газар нь босч, суусан газар нь сууна. Тэд бол бидний гараар бүтсэн бидний маргааш юм. Тэрхүү маргаашаас нөгөөдөр урган гарч, нөгөөдрөөс дараа ирэх мянга мянган маргааш үргэлжилнэ... Цэцэгс хүртэл үрээ үлдээх гэж хагдарч унадаг хорвоо юм. Биенээс тань бие болон ургаж, ухаанаас тань ухаан болон төрөх тэр бяцхан хүн төрөлтнүүд та бидний эрхэм нандин ирээдүй билээ.

Үр хүүхдээ ямар нийгэмд амьдраасай гэж та хүсэж байна вэ? Тэгвэл тийм нийгмийн нэгэн хэсэг байхуйц оюунт хүн, ухаант үрсийг цогцлоон бүтээхийн төлөө үе тэнгийн олон залуус, ах дүүс та бид хариуцлагатай, ёс зүйтэй, хүчирхэг эцэг эх болж, бат бөх гэр бүлийг бүтээх нь залуус та бидний "амьдралын эрхэм зорилго" буй за. Сайхан нийгэм, гэрэлт ирээдүйг бүтээх эрхэм зорилгын төлөө залуу хүн бүр өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж алхам бүртээ ухаалаг хандацгаая.


Эрхэм та мэргэн оюундаа шүүн тунгаана бизээ.

Админ

Friday, March 13, 2015

The magic of thinking big буюу “Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг” /Дейвид Жозеф Шварц/


Хүсэл мөрөөдлийг нь тусгаарласан шилэн хаалтыг давах хүч чадал хүн бүрт бий. Үүний тулд хүн өөрийн дотоод ертөнцийн гайхамшиг, хязгааргүй хүч чадалтай зөвхөн “танилцах” нь л хангалттай. Хэмээх өгүүлбэр эхний хуудсан дээр нь бичигдсэн уг ном нь хувь хүний хөгжлийн номнуудыг жагсаавал нэлээн дээгүүрт жагсах байх.  Харин миний хувьд хувь хүний хөгжлийн ном нэлээдгүй олныг уншиж байснаас энэ ном хамгийн шилдэг нь юм.
Номын 2 дахь нүүрэн дээр:
"Зургаан настай хүү Дейвид маань өөрийгөө их том болсон гэж бодож байлаа. Түүнээс би “Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?  гэж асуусан юм. Тэрээр надруу ихэд нухацтай харж байгаад “Ааваа, би профессор болмоор байна” гэлээ. “Профессор гэнээ, ямар профессор гэж асуутал “Юу л даа аав аа, би аз жаргалын профессор болмоор байна” гэсэн юм.
Аз жаргалын профессор гэдэг бол гайхалтай хүсэл мөрөөдөл юм. Та ч гэсэн тэгж бодохгүй байна гэж үү?"  гэж бичсэн нь анх  энэ номыг унших сэдлийг надад төрүүлсэн юм.
Сонирхолтой бас хэрэгцээтэй байх болов уу гэсэн үүднээс номын хамгийн сүүлийн хэсгийг энд толилуулъя.
Сэтгэхүйн цар хүрээний гайхамшгийг амьдралынхаа хамгийн чухал үеүдэд хэрэглэх нь:
Сэтгэхүйн цар хүрээнд ер бусын увдис бий. Гэвч энэ гайхамшигт увдисыг алдах их амархан. Хүнд хэцүү үед бодож, сэтгэх уар хүрээ хялбархан явцуурах аюул бий. Явцуу сэтгэлгээнд автвал ялагдал ирдэг.
Явцуу сэтгэлгээнд автах аюул тулгарвал сэтгэх цар хүрээгээ тэлэхэд тань туслах дараах зарчмуудыг уншаарай.
А.Явцуу сэтгэгчид таныг ч бас явцуу сэтгэхийг албадвал ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ СЭТГЭ. Таныг ялагдаасай, азгүй тохиол учраасай, загнуулаасай гэх хүмүүс бийд итгэлтэй бай. Зөвхөн дараах гурван зүйлийг л мартахгүй байвал энэ хүмүүс танд хор хүргэж чадахгүй.
  1. Явцуу сэтгэгчидтэй хэрүүл хийхгүй байвал та хожно. Өчүүхэн хүмүүстэй хийх хэрүүл маргаан таныг ч бас өчүүхэн болгож явцууруулдаг. Том хэвээрээ байгаарай!
  2. Дайралтанд өртөнө гэдгээ мэддэг бай. Энэ бол та урагш ахиж байгаагын илрэл юм.
  3. Тань руу дайрагчид  бүгд сэтгэл зүйн өвчтэйг бүү март. Өргөн цар хүрээтэй сэтгэ. Тэднийг өрөвд. Ялихгүй өчүүхэн хүмүүсийн дайралтын эсрэг дархлаатай болох хүртлээ өргөн цар хүрээтэй сэтгэ.
Б. “Хэрэгтэй бүхэн надад байхгүй” гэж бодогох үед өргөн цар хүрээтэй сэтгэхээ бүү март. Хэрэв та өөрийгөө хүч чадалгүй гэж бодвол та хүч чадалгүй л гэсэн үг. Чадваргүй гэж бодвол чадваргүй л гэсэн үг. Та  өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодвол тийм л гэсэн үг. Эдгээр хэрэгслүүдийг ашиглан өөрийгөө үнэлж сураарай:
  1. Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Энэ нь мөн тэгж сэтгэхэд тань тусална. Гадаад төрх үзэмж тань дотроо юу боддогоос тань шууд хамаардаг.
  2. Эерэг талуудаа анхаар. Өөрийгөө өөрөө зоригжуул. Сайн талуудаа мэддэг бай.
  3. Бусдыг зөв өнцгөөс хар. Тэд ч гэсэн ялгаагүй л хүн шүү дээ. Яагаад та тэднээс айх ёстой юм бэ?
  4. Өөрийнхөө сайн талуудыг олж харахуйц өргөн цар хүрээтэй сэтгэ.
В. Зөрчил маргаанаас зайлах аргагүй үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Маргаан эсвэл хэрүүлээс зайлсхийхийн тулд:
  1. Өөрөөсөө “Шударга бай, энэ үнэхээр тийм чухал гэж үү?” гэж асуу.
  2. Та маргаанаас юу ч олж авч чадахгүйгээр барахгүй цаг алдах болно. Зөрчил маргаан таны зорилгодоо хүрэх замд тань саад болохыг ойлгохуйцаар өргөн цар хүрээтэй сэтгэ.
Г. Ялагдсан үедээ ч өргөн цар хүрээтэй сэтгэ. Саад бэрхшээл, ухралтгүйгээр том амжилтанд хүрэх боломгүй. Харин амьдралынхаа үлдсэн хэсгийг ялагдалгүйгээр өнгөрөөх боломж бий. Өргөн цар хүрээтэй сэтгэгчид саад бэрхшээлд ингэж ханддаг:
  1. Бэрхшээл бүрийг сургамж гэж ойлго. Бэрхшээл бүрээс өөртөө сургамж олж ав. Тэгээд түүнийгээ судал, сурснаа урагш ахихад ашигла.
  2. Зөв оролдлого, туршлагыг хослуул. Хойш урхаад шинээр, шинэ хандлагаар дахин эхэл. Ялагдал гэдэг тухайн үеийн сэтгэгдлээс өөр юу ч биш болохыг ойлго.
Д. Урам зориггүй болох үедээ ч өргөн цар хүрээтэй сэтгэ. “Тэр надад сайнаар хандаагүй, би ч түүнд сайнаар хандахгүй” гэж сөрөг, явцуу байдлаар сэтгэх нь сэтгэлийн хөдөлгөөн, дурлалыг устгаж үгүй болгодог. Дурлал чинь замаасаа гажвал:
  1. Таныг хайрлаасай гэж бодож байгаа хүнийхээ хамгийн сайн талыг нь анхаар. Ялихгүй зүйлд хэт их ач холбогдол бүү өг. Хайртай хүнийхээ төлөө ямар нэг онцгой зүйл хийж, түүнийгээ байнга давт. Дурлалын нууцыг ойлгохуйц өргөн цар хүрээтэй сэтгэ.
Е. Ажилдаа урагш ахихаа больсон үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Хийдэг ажил мэргэжил тань юу ч байсан илүү өндөр түвшин, илүү их орлогыг илүү их, илүү сайн ажиллах замаар л олж авдаг.
  1. “Би илүү сайн ажиллаж чадна” гэж бод. Төгс төгөлдөрт хүрэх нь боломжгүй. Гэвч илүү сайн байх арга заавал олддог. Энэ ертөнцөд юу ч хамгийн сайн нь биш. Та илүү сайн хийж  болно гэж бодвол илүү сайн хийх арга зам олдох л болно. Илүү сайн байж чадна гэж бодох нь бүтээлч хүч чадлыг дайчилдаг.
  2. Эхлээд өөрөө үйлчилбэл мөнгө аяндаа олдохыг олж харах хүртлээ өргөн цар хүрээтэй сэтгэ.

“Ухаантай хүн бодол оюуныхаа эзэн ноён нь,                                 харин тэнэг бол зарц нь байдаг”  Пабилиус Сириус







Thursday, March 12, 2015

Алтан уулын домог

Эрт дээр цагт юм гэнэ. Манж хятадын дарлал манай орныг нэрвэсэн хэцүү үед юм байх. Өргөн уудам нутгийн маань өнцөг булан бүрт олз хайсан гадаадын түрэмгийлэгчид ангамал хуурай говь цөлийг ч гатлан, алт мөнгө л олж байвал амь насаа ч өгөхөөс буцдаггүй байсан тэр цагт ар Монголын говь нутагт алтаар бүрсэн нэг уул байдаг тухай ам дамжсан цуу яриа нэгэн баян тангадын сонорт хүрч гэнэ. Ховдог шунахай тангад холын тэр их алтыг авах юмсан гэхээс хоол цай нь хоолойруугаа давахаа больж, хоногийн нойр нь хойт зүгт хулжиж, өдрийн бодол, шөнийн зүүдэнд амар заяа үзэхээ байжээ. Баяжихын дон шүгэлсэн баян тангад байж сууж чадахгүй болж барлаг зарц, бараа бологч нараа нэгэн өдөр цуглуулж, уулыг тэр хэвээр нь ачсан ч  болохоор урт гэгчийн жингийн цуваа бэлтгэж, алс холын ар Монголд байгаа алтан уулыг  нурааж аваад ир гэж тушаажээ. Ирэх цагт чинь хэрэг болно гэж их цэрэг дагуулж явуулж гэнэ. Өчүүхэн ч гэсэн алт аминдаа ашиглах гэвэл өчиггүй цаазална гэж тэдэнд зарлиг буулгажээ. Баян тангадын илгээсэн бараа бологчид баруун хойд зүгийг чиглэн явсаар бараг сарын хугацаа өнгөрөхөд нэл алт эрдэнэс гялалзсан нэг их өндөр уулын хормойд ирж буужээ. Холоос ирээд хот манайх, хотонд ирээд хонь минийх гэдэг шиг мөнөөх өндөр уулыг бүсэлж аваад өдөр шөнөгүй ухаж гарчээ. Унтах идэхээ мартсан шунахай тангадууд уулын хажууг улам гүнзгийрүүүлэн малтаж байтал үхэр шиг хэлбэртэй үлэмжийн том гэгчийн алт гараад ирж гэнээ. Улан дор нь энэ их эрдэнэс байхад ухаад авчихаа мэдэхгүй урагшгүй муусайн Монголчууд ухаантай төрсөн дээдэс бидэнд энэ их эрдэнэсээ адлах нь энэдээ гэж уугуул нутгийн ард түмнийг хүртэл басамжлан шуугилдаж уулыг улам цааш нь ухаж байтал өнөөх алтан үхрийн өрөөсөн эвэр нь гараад иржээ. Бусдаасаа урьтаж булга цохиж авах санаатай алтанд шунасан нэг тангад үхрийн эврийг цохиодохсон чинь алтан уул бүхлээрээ доргин нижигнэж агшин зуур нуран өнөө олон тангадын дээрээс өчиггүй дарчихжээ. Уулын нуралтаас болж шахагдсан хий тангадуудын өмссөн хар тоорцогнуудыг тал бүр тийш нь хийсгэхэд тоолшгүй олон хар хэрээ нисээд явчих шиг болсон гэдэг. Тэр цагаас хойш өнөө үеийг хүртэл алтан үхэр уулан дороо хадгалаастай байдаг юм гэнэ лээ. Арвин баялаг эрдэнээ ариун хэвлийдээ хадгалсан тэр уулыг Алтан уул гэх болж, нэг үхрийн эвэр үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг цэцэн үг үүнээс гарч гэнээ. Гэнэт идэх гэдсэнд гэмтэй, гэнэт баяжих насанд гэмтэй гэдэг үнэн шүү гэж домог төгсдөг юм.
     **********************************************************

Аварга гүрвэлийн амьдарч байсан алдар цуут Нэмэгт уулын энгэр барин алс баруун зүгийг чиглэн явахад домогт Алтан уул тэнгэрийн хаяанд цэнхэртэн сүүмэлзэх нь ариун онгон хэвлийд минь алт эрднэсэн баялаг ч бий, аварга гүрвэлийн яс ч бий гэх шиг дүнхийн манантаж харагддаг юм.

Wednesday, March 11, 2015

Дөрвөлж хар бүйлсний тухай домог

Монгол сайхан орныг маань Хятадын шунахай худалдаачид, доншуур наймаачид говь хангайгүй хэсэн бэдэрч ард түмний аль өнгөтэй өөдтэй эд юмсыг арга залиар цуглуулан цөлмөж байсан үед ар Монголд ирж амь зуух, арга эв нь олдвол арав таван мал цуглуулж, арилжаа наймаагаар амьдрал залгах бодолтой нэгэн Хятад догшуур худалдаачин дотор газраас иржээ.
Хос шаахайнаас өөр илүүчлэх хувцасгүй, хоёр гурван боодол хамрын тамхинаас өөр хогшилгүй тэр хятад авчирсан хэдэн тамхиа үнэд хүргэж ноос, үс, арьс шир зэрэг харь нутагт алтаар үнэлэгдэх зүйлээр арилжаад нутгийн зүг яаран эргэжээ.
Явсан нохой яс зууна гэгчээр аваачсан юмсаа эд баялгаар сольж, амташсан хэрээ арван гурав эргэдэг шиг бас буцаад ирж гэнэ. Төрөлхийн шунаг сувдаг тэр хятад авчирсан зүйлсээ арилжиж олсон алт мөнгө, үнэт чулуу, ангийн үс, арц гангийн анхилам сайхын цэцэг навчисыг хоёр авдранд хийж аваад явахдаа ямар ч хөлс зардал гаргалгүй дотор газар оруулбал улам их ашиг олж чадна гэж бодоод ажлын хүн ч хөлсөлсөнгүй, ачлага хөсөг ч хэрэглэсэнгүй гэнэ. Хэрэв ачаа хөсөгтэй явбал баян данжаад явж байна гэж замын тонуулчид дайралдаж хамаг юмаа тонуулж дээрэмдүүлэхээс ихэд болгоомжилж ганцаараа хоёр авдартай юмаа зөөж тавиад явж байжээ. Гэтэл нутгийн нэгэн баяны зарц замд дайралдаж, “Данжаад гуай! Авдартай юмаа тэмээнд тэгнээд ч юмуу, тэргэнд ачаад ч болсон явахгүй яасан юм бэ?” гэж асуусанд өнөөх хятад ихэд уурлаж “Хай чи юу мэднээ. Би явж байна, Бээжин сууж байгаа шүү. Чамд хамаагүй” гэж хэлээд нөгөөх хүнд авдруудаа хурдан хурдан зөөж тависаар эргэн эргэн харсаар яваад өгчээ.
Шунахай хятад ингэж явсаар сүүлдээ бүр ядарч шургаж унамаар сульдаж, авдараа өргөж даахаа байж гэнэ. Тэгээд авдрынхаа сүүдэрт суугаагаар амарч хэсэгхэн зуур зүүрмэглэх хооронд зүүн урдаас аймаар муухай зүс царайтай хэдэн хүн ирж авдартай юмыг нь авлаа гэж зүүдлээд учиргүй айж хашгиран сэрсэн чинь хавь ойр юу ч байсангүй, харин хажууханд нь өнчин хар бүйлс харагдаж гэнэ.”Ай энэ яасан тэмдэгтэй мод байнаа, алт мөнгө, эрднэсийн чулууныхаа аль хүндээс энэ бутны дэргэд булчихаад хөнгөн эд юмсаа үүрээд явна ваа! Сүүлд эргэж ирж булсан юмаа авахад амархан” гэж сүрхий мэргэн арга олсондоо ганцаараа маасайтал инээж, “одоохон газар ухъя” гэж бодсоноо бас л хартай санаа нь дийлж “ Хай, гэгээн цагаан өдөр газар ухаж байгааг хүн харвал яанаа, шөнө ухвал дээр” гэж боджээ. Шөнө болсон хойно авдраа багтах нүх малтаж, гарсан шороогий нь оготны үлийд аваачид хийгээд, авдраа булсан шороог хэнд ч мэдэгдэхээргүй тэгшилж, хавь ойрын хайрга чулуу цуглуулж тараан орхиод нар мандахаас өмнө яваад өгчээ. Явган хятадын үүрсэн авдар хэдий хөнгөн боловч байнга үүрээд явахаар бас л хүнддэж байн байн амарсаар бараг жил болж байж нутгийн бараа харж гэнээ. Очсон хойноо олзныхоо юмыг наймаалж хоолтой ундтай хоёр, гурван сар болжээ. Тэгээд харь газар орхисон юмандаа яаран буцах гэтэл ар монголд айхтар сүрхий бослого гарч, хятад толгойтой бүхнийг хиар цохиж байгаа сураг дуулдахад “одоо би яанаа, орхисон алт эрдэнэсийг минь олоод авчихгүй байгаа” гэж гэрт орвол гэдэргээ харж гэюүрч хэвтсээр, гадаа гарвал газар тэнгэрийн савслага тийш гансран харсаар хэдэн жил болчихжээ.
Тэгтэл ар Монголд гарсан үймээн намдаж байгаа тухай чимээ дуулаад тэргэнд илжиг хөллөж аваад тэмдэглэж орхисон ганц хар бүйлстэй газраа хүрээд ирсэн чинь ганц хар бүйлс нь мянган хар бүйлс болоод үржчихсэн аль бутны дэргэд алт мөнгө байгааг олох ямар ч аргагүй болсон байжээ. Түүгээр ч барахгүй мянган хар бүйлс нь яг ижил зайтай, том жижгээрээ ялгахын аргагүй, зориуд тарьсан юм шиг ургачихсан байж гэнэ. Хятадын гол нь харлаж “Хай, яасан муу ёрын хар мод вэ? Хайран олт мөнгийг минь чи хаана нуусан бэ?” гэж хар бүйлснээс хэдийг булга татаад авсан чинь бутны тоогоор нэмж ургаад байхаар нь шатаах санаатай нэг бутанд гал оруулж үзсэн чинь нойтон бүйлс бие биенээ үлээж унтраагаад байж гэнээ. Тэгээд мөнөөх хятад яаж ч чадалгүй буцаад явсан гэдэг.
Түүнээс хойш дөрвөлж хар бүйлс гэдэг нэртэй хэсэг бүйлс бий болж, их санасан газар есөн шөнө хоосон гэдэг энэ дээ гэж домог төгсдөг.

     ***********************************************************
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг “Гэдрэг” хэмээх уулын ард хэсэгхэн газрыг эзлэн дан бүйлсний төгөл бут ургасан байдгийг “Дөрвөлж хар бүйлс” гэж нутгийнхан нэрлэдэг.

Домогт гарсан шиг бүйлс бут хэдхэн жилд мянга болтол үржиж ургах нь юу юм. Харин ард түмнийг шулан дээрэмдэж байсан шунахай худалдаачдыг эсэргүүцэж байсан ардын тэмцлийг мянган бүйлсээр төлөөлүүлсэн ардын аман зохиол юм.

Ноён, Сэврэй уулын домог

Урьд эрт цагт говийн нэгэн хошууг захирсан залуу ноён сэтгэл зүрхээ Сэврэй хэмээх шанган сайхан хүүхэнд илчилж ханилан сууснаас хойш төдий л удалгүй хиртэй гараар баримгүй, хив хадгаар ороомгүй бөндийсөн цагаан хүүтэй болжээ. Хөөрхөн цагаан хүүгээ хөвөнд хадгалсан сувд шиг хайрлан энхрийлж Хөвгүүн гэж нэрлэжээ. Эцэг эхийн өвөр дээрээс бууж үзээгүй Хөвгүүн эрх дураараа өсөж амьдралын аар саар гачигдлыг мэддэггүй, аавын хайртай морьдыг унаж ар өврийн айл хэссэн, ээжийн хайртай эрдэнэс юмсыг зарж үрсэн задарсан дүрсгүй амьтан болжээ. Аавын хатуухан үгийг ээждээ очиж тунирхан, ээжийн ширүүхэн үгийг аавдаа очиж гоморхсоор ноён, хатан хоёрын хооронд хоног хоногоор ан цав үүсгэсээр байв. Эцэг эхийн хооронд эв эвдэрснийг эрх хөвгүүн элдвээр ашиглаж дэвэргэсээр эцэстээ эд хөрөнгөө булаацалдаж, эрх хөвгүүнээ өмөөрцгөөж энэ хоёр салж сарних болж, орон гэрээ тусдаа барьцгааж, олон цэргээр хамгаалуулж сууцгаадаг болжээ.
Ноён арван давхар цэргээр ар талаасаа мануулан жагсаагаад, албаны гурван түшмэлээ дуудан ирүүлж, адайр зөрүүд Хөвгүүнийг анхааран харгалзаж байхыг тушааж гэнэ. Ааштай төрсөн зөрүүд Хөвгүүн түшмэдийн үгэнд орохгүй алсхан очоод суучихаж гэнээ. Тэр цагаас хойш хатны зүгээс ирэх аюулыг хамгаалсан цэргүүд Хар, Шар, Хүрэн хана хэмээх хачин сонин хэлбэртэй хад цохио бүхий уул болж гэнээ.
Эрх танхил Хөвгүүнийг нь эргэж тойрч байх үүрэг хүлээсэн гурван түшмэл ихэмсэг байдлаар эзэн өөдөө мэхийж байгаа мэт тогтсон ижилхэн гурван хүрэн уул болж гэнээ. Эцэг эхийнхээ амьдралыг сарниулсан эрх танхил Хөвгүүн нь этгээд зөрүүд байдлыг илчилсэн хад асга багатай хар толгой болоод тогтчихжээ. Төрүүлсэн үрээ санан мөрөөддөг төрөлхийн эх хүний сэтгэлээр хайрт хүү минь ээждээ ирж  уулзаач гэж хэл явуулсанд аав ээжийн хайрыг мэдэрдэггүй  хүү нь хариу ганц ч үг хэлсэнгүйд хатан ээжийнх нь ямаан омог хөдөлж аяганы ширээн дээр байсан толио аваад шидчихжээ. Ээжийн нь шидсэн толь этгээд хөвгүүний хажууханд унасан нь толигор гадаргуу нь шил мэт гялалзсан толь хад болчихож гэнэ.  Тэгээд одоо хүртэл Хөвгүүн тэр толинд ээжийгээ харсаар байдаг болжээ. Хатан Сэврэйн энгэрт хаанаас нь ч харсан тэгшхэн оройтой хар уул байх нь адгуу хөвгүүндээ гомдож толио авч шидсэн аяганы ширээ нь тэр гэнээ.
*************************************************************************************************

Эрхийг сурахаар бэрхийг сур! Буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж буурал дээдсийн маань цэцэн үг чухам үнэн гэж домог төгсдөг.

Яст тостын домог

Буддын шашны төв Лхаса хотод асар том дуган барих болж дуганы гол багана хийхэд өөгүй эгц өндөр гуалиг өнчин цагаан зандан мод хэрэгтэй гэж Хятад шинжээч айлджээ.
Тэр сайхан цагаан зандан тэртээ холын Монгол оронд л ургадаг юм даа. Цайдам эзгүй говьд ургадаг өнчин ганц модыг цаг чмагт хамгаалж байдаг дөрвөл алд биетэй, аягын чинээ том нүдтэй аварга могойг аргалж холдуулбал авч болно. Харин тэр аварга могойг яаж холдуулах аргыг Халхын мэргэн Тэвнэ гэгч хараа муутай өвгөн л мэднэ гэж шинжээч хэлжээ.
Төвдийн Далай лам энэ сургаар Дондог, Югзэр, Ранжамба, Гадир хэмээх дөрвөн ламыг сонгон мэргэн Тэвнийнд илгээжээ.
Тэд явсаар мэргэн өвгөнийд хүрч явдал учраа ярьж, ямар аргаар аварга могойг зайлуулах тухай асуусанд эх нутгийнхаа онгон ганц занданг элэг буруутанд огтлуулахаас татгалзаж, урьд дээр цагийн юмыг би мартжээ, ухаан санаа ч муудлаа. Та бүхний зорьсон хэрэгт тааламжтай үг хэлж чадахгүй нь дээ гэжээ. За тэгвэл бид замаа хөөхөөс яахав гээд зальт Төвдүүд яваад өгчээ. Өнөө хэдэн төвд нутгийн нэгэн шунаг баянд очиж өвгөн мэргэнээс үг алдуулж чадвал өндөр шан өгнө. Хэрэв чадахгүй бол хэрэг бишдэнэ шүү гэж баянг сүрдүүлээд чамтай цуг бидний нэг нь хамт очно. Аварга могойг зайлуулах аргыг бичиж авна гэжээ.
Өвгөн мэргэнийд өнөөх хоёр ороход хараа нь муудсан настан хамт ирсэн хүнийг нь мэдсэнгүй. Нутгийн хуучин танил болохоор нууц аргаасаа ярьж эхэлтэл хажууд нь байгаа  аяганы шүүгээн дээр харин хулсан үзэгний хяхатнах чимээ гарлаа гэнэ. Башир муу баян бас өнөөх хэдээс дагуулж ирснийг мэдэж, ярианыхаа чигийг өөрчилж  явуулын хэдэд ярьснаа л хэлээд тавьчихжээ. Ингээд их юм авах гэсэн баяну шунал талаар болж, ирсэн хэрэг бүтэх нь гэсэн төвдүүдийн горьдлого тасарч, өнчин зандан модыг авахад өөр арга сүвэгчлэхээс өөр замгүй болж өдөр шөнөгүй манаж сахисаар өлсөж цангасан могойг модноос буухад нь өрсөж авахаар шийдээд аварга  могойт занданг арван тав хоног сахиж байтал арай гэж модноос буугаад ар талын ууланд хөвөрч ан гөрөө хийсээр, урд талын уулаар дамжин ус шандаар ундаалсаар яваад ирэхэд нь ургаа зандан модыг унагаж аваад  хөдлөх гэж байгааг алсаас харсан аварга могой арван алд биеэрээ амдан аваад өнөөх хэдийг ороож хааш нь ч хөдөлгөлгүй хашчихаж гэнэ. Хайран сайхан модыг нь харийн дээрэмчид үгүй хийсэнд харамсан уйлсаар байгаад нас эцэслэжээ. Тэр цагаас хойш аварга могойн яс нь уул хад шиг овоорч, тос нь гол мэт урсаж байснаас  тэндхийн уулсыг Яст тост гэж нэрлэж болж, уйлсан шорвог нулимс нь урд талын хонхорыг дүүргэж “гашуун” хэмээх нуурыг тогтоож, аварга могойд ороогдсон дөрвийн нэрээр Аранжамба, Дондог, Югзэр, Гадир хэмээх дөрвөн ойрхон булаг байдаг болж гэнэ. Хүний юм хүчгүй, хүзүүний мах амтгүй гэж манайхны ярьдаг зүйр үг ч бас оносон юм шүү гэж домог төгсдөг.

 *****************************************************************
Яст тост хэмээх намхан бэсрэг уулс Алтайн уулсын бүрэлдэхүүнд багтана. Домогт гарсан зандан мод ургаж, аварга могой амьдрах байгалийн нөхцөл энд  байхгүй ч гэсэн уул усны тогтолцоог ажиглан шарын шашны хуурамч номлолыг ард түмэн яаж эсэргүүцэн тэмцэж байсныг аварга могойгоор зүйрлэн  гаргаж, хайрт эх нутгийнхаа баялгийг хайрлан хамгаалж ирснийг жирийн харц ард мэргэн Тэвнэ гэгчээр төлөөлүүлсэн ардын аман зохиолын нэгэн хувилбар юм.




Tuesday, March 10, 2015

Мөрөн голын шулам бүсгүй /Жинь Цуань/


Уг номын гол дүрийн баатар Жу Сян Жун хэмээх зэвсгийн эрдмийг гарамгай эзэмшсэн гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүй бөгөөд хүн алахдаа нүдээ ч цавчдаггүй түүнийг мөрөн голынхон шулам хэмээн нэрлэдэг.
И Да Зин бол зурхайт номын эрдмийг нэвтэрхий эзэмшсэн тэрээр атгаг хорон муу санаагүй, элдэв шунал тачаалд автдаггүй гоо төгөлдөр номын залуу бөгөөд ядарсан өвгөн төлөгчийн дүрд хувилан мөрөн голоор хэрэн хэсэж, төлөг зурхай тавьж хоногийн хоолоо залгуулдаг нэгэн билээ.
Нэг өдөр төлөгчийн хажуугаар ядарч зүдэрсэн, уранхай ноорхой хувцастай залуу хөвгүүн гарч явахыг харсан төлөгч тэрхүү хөвгүүнд их гай зовлон нүүрлэн буйг нь мэдэн хөвгүүнийг дуудаж өмнө зүг явахыг зөвлөснөөр мөнөөх үзэсгэлэнт шуламтай анх учирч үйл явдал эхэлнэ.
Алуурчин шулам болон сайхан сэтгэлт номын залуу хоёрын үнэнч ариун хайр сэтгэлийн тухай мөн тэнгэрт тэрслүү бүлэг болон мөрөн гол даяар шударга журмын хэмээн алдаршсан төмөр, гал, ус, шороо, мод хэмээх таван мах бодийн бүлэглэлийн ширүүн тэмцэлийн тухай сонирхолтой адал явдал өрнөнө.
Үзэсгэлэнт шулмын зэвсгийн эрдмийн багш болох хүрэн хулсны гэлэгмаагийн шавьдаа захьж хэлдэг “Би хоёрхон үг захья, чи үүнийг сэтгэлдээ үргэлж санаж явах аваас сайн нөхөр мэт тусыг өгнө. Энэ болбоос ертөнцийн хүний үнэн үгийг худал, худал үгийг үнэн хэмээн бодож яваарай” гэж хэлсэн байдаг нь номын гол утга санааг хамгийн цөөн үгээр илэрхийлсэн гэлтэй. Уг номыг уншиж эхлээд дуусах хүртэлх бүхий л үйл явдал бүрт нь уншигч би энэхүү үгийг өөрийн эрхгүй санан сэрдхийж байсныг энд дурьдах нь зүйтэй болов уу.
Шударга журмын хэмээх 5-н махбодийн бүлэг, шулмын хэмээх тэнгэрт тэрслүү бүлэг мөн мөрөн голынхны башир хорон муу санаат үйлдлүүдээр ертөнцийн хүн төрөлтөн бидний сайн мууг дүрслэн харуулсан буй за.
Энэхүү ном нь сайн гэгдэг бүхнээс саарыг, муу гэгдэх бүхнээс сайн сайхныг олж харж, аливаа зүйлийг сайн муу талаас нь эргэцүүлэн бодох ухаан хайрласан сайхан бүтээл байлаа.

Админ 

Гэр бүлд аз жаргал авчирдаг 10-н цэцэг

1. Нөмөргөнө
 

Эмэгтэйчүүдийн цэцэг хэмээн хүмүүсийн дунд алдаршсан байдаг. Түүнийг ургуулахад хэцүү биш. Хамгийн гол нь өдөр бүр шүршиж бас хавар бүр шилжүүлэн суулгалт хийх хэрэгтэй байдаг. 
Энэ цэцэг нь гэрлэж амжаагүй бүсгүйчүүд ханьтай болоход тусладаг, хүүхэдтэй болж амжаагүй залуу хосуудад үрийн заяаг дууддаг хэмээн үздэг. Мөн энэ цэцэг ургаж байгаа айлд хайр болон ойлголцол оршиж байдаг ажээ.
2. Нил цэцэг
 

Нил цэцэг нь гэрэл их шаарддаг цэцэг юм. Энэ нь мөнхийн хайрын бэлгэдэл бөгөөд гэр бүлийг хэрүүлгүй тайван амгалан амьдрахад тусалдаг.
3. Хятад сарнай
 

Хятад сарнай гэрт байхад хайр илүү бат бөх болдог гэлцдэг. Дулаанд дуртай цэцэг юм.
4.Хойя
 

Хойяг гэртээ байлгаснаар, тэр тусмаа унтлагын өрөөнд байснаар энэ цэцэг нь гэр бүлийн аз жаргалыг авчирдаг юм байна. Тиймээс зүрхэн хэлбэртэй хойя ч байдаг аж. Зүрхэн хэлбэртэй хойяг керри сортынх гэх бөгөөд энэ цэцгийг Гэгээн Валентины өдөр хосууд бие биедээ өгдөг байна. 
5. Мирт
 

Мөнхийн ногоон навчтай энэхүү ургамал нь цав цагаахан цэцэгтэй. Үзэсгэлэнтэйгээс гадна түүнд анагаах бодис бий. Гэрлэлтийг бат бөх байлгах бөгөөд гэр бүлд аз жаргал авчирдаг. Зарим оронд хосуудын хуримаар энэхүү цэцгийг бэлэглэдэг аж.
6. Аихризон буюу дурлалын мод
 

Тасалгааны нөхцөлд энэ цэцэг 30 см хүртэл ургана. Навчнууд нь жижиг бөгөөд зүрхэн хэлбэртэй. Аихризон буюу дурлалын мод нь мэдээж хайр дурлалыг бэлгэддэг. 
7. Калатея буюу марантагийн төрөл
 

Энэ цэцэгний эх орон нь Америк юм. Навчаараа гоёдог энэ цэцэг нь гэр бүлийн аз жаргалын бэлгэдэл юм.
8. Ногоодой
 

Хамгийн арчилгаа багатай цэцэгсийн нэг. Энэ цэцэг нь гэрийн агаарыг цэвэрлэхээс гадна гэр бүлийг жаргалтай бас тайван амьдрахад нь тусалдаг хэмээн эртнээс үзэж ирсэн байна.
9. Унтаахай хатан буюу аз жаргалын цэцэг
 

Та үнэхээр сайхан хайртайгаа учрахыг, хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол Унтаахай хатан буюу аз жаргалыг цэцгийг гэртээ тариарай.
10. Годонхой буюу эрчүүдийн цэцэг
 

Нарны гэрэлд тун дургүй бөгөөд байнга шүршүүлэх дуртай цэцэг юм. Энэ цэцэг нь эрчүүдэд хүч чадал өгдөг бөгөөд эр хүний ноён нурууг бэлгэддэг учраас эрчүүдийн цэцэг, эрчүүдийн аз жаргалын цэцэг хэмээн нэрлэдэг байна.

Эх сурвалж: ikon.mn

Monday, March 9, 2015

Сармис нимбэгний ханд залуужуулах ид шидтэй

Сармисыг нимбэгний шүүсэнд дарж өвлийн цагаар хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн, төвдүүд уг хандыг бүр хүнийг залуужуулах ид шидтэй гэж үздэг ажээ. Сармис өөртөө олон төрлийн эрдэс бодис агуулдаг төдийгүй зарим төрлийн сөрөг бактерийг устгах чадвартай байдаг. Даралт бууруулах, цус шингэлэх, цусны судасны ханан дахь өөх тосыг цэвэрлэх, цусан дахь холестролыг бууруулах зэрэг олон талын үйлчилгээтэй. Сармисны тухай Д.Равдан, Ж.Лхагвасүрэн нарын бичсэн “Саримсаг түүний ид шид” хэмээх ном уншиж байсан. Сармисны ханд, сармисны шар сүү хийх, сармисыг хоол хүнсэнд хэрхэн хэрэглэх, цуунд дарах, хатаах зэрэг олон аргуудыг дурдсан төдийгүй ямар өвчин эмгэгийн үед хэрхэн хэрэглэх тухай ч бичсэн байна лээ.

Би саримс, нимбэгний ханд бэлтгэх тухай мэдээлэл хавар Facebook хуудсандаа оруулахад хүмүүс их сонирхон хүлээн авсан хэдий ч “өө энийг чинь намар л хийдэг юм байна шүү дээ” хэмээн харамсах нэгэн байсан. Харин одоо намар ч болчихлоо, шинэ сармис ч гарчихлаа, хандаа бэлтгэхэд цаг нь болсон тул өнгөрсөн бүтэн сайн өдөр Саруул төв орж сармис, нимбэгээ базаагаад хэрхэн ханд бэлтгэснээ та бүхэнд сонирхуулъя гэж бодлоо. Сармисны хувьд мэдээж экологийн цэвэр бүтээгдэхүүн болох монгол сармисаа авах нь зөв гээд ягаан өнгийн хальстай монгол сармис есөн толгойг авсан нь 470 гр болов. Ханд хийхэд бол би зургаан толгойг л хэрэглэсэн. Хандыг бэлтгэхдээ 300 гр сармисыг хальснаас нь салган цэвэрлээд жижиглэн татаж хэрчинэ.


Ингээд 300 гр сармисанд 500 мл нимбэгний шүүс орохоор тооцож ойролцоогоор 12 нимбэг авч бэлтгээрэй. Миний авсан нимбэг харьцангуй том байсан бололтой 10 ширхэг орсон л доо. Нимбэгнийхээ шүүсийг шахахдээ зориулалтын хэрэгсэл ашиглавал их хялбархан байдаг. Би өөрийнхийгөө Скай их дэлгүүрээс авсан (тэнд Oxo гээд брэндийн гал тогооны их эвтэйхэн хэрэгслүүд байдаг). Нимбэг шахаад нимбэгний шүүстэй ус хийж уухад хэрэг болдог юм. Нимбэгээ шахахдаа хальстай нь яг голоор нь хоёр тэнцүү огтолж хуваагаад огтолсон талаар нь нимбэгний шүүс шахагчид тулган дарж аажим эргүүлснээр хаягдал маш багатайтайгаар шүүсийг нь авчихна. Миний нимбэг шахагчийн сав нь 250 мл хэмжээтэй тул хоёр удаа дүүргэхэд болчихож байгаа. 



Нимбэгний шүүсээ шилэн саванд (эсвэл шаазан вааран сав) хийгээд дээрээс нь татсан сармисаа хийж хутгана. Савыг битүүлэн таглахгүй орхих бөгөөд тоос шорооноос хамгаалж дээгүүр нь агаар нэвтрэх даавуугаар бүтээж хуурай сэрүүн газарт (гэхдээ хөргөгчинд биш шүү) буюу хэт халуун, хуурай бус тасалгааны температурт 21 хоног байлгана. Нимбэгний шүүсэнд сармис бүрэн шингэж өтгөн зуурмаг болох үед хэрэглэж эхэлнэ. Өдөр бүр нэг цайны халбагаар халуун бүлээн усанд хутган ууж хэрэглэнэ. Нимбэг нь сармисны эвгүй үнэрийг шингээж үгүй болгох тул таны амнаас сармисны хурц үнэр үнэртэхгүй нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой. 
Энэхүү хандыг би өвлийн турш хэрэглэдэг, элдэв ханиад хүрэхгүйн дээр эрч хүчтэй болох мэт мэдрэмж ч төрдөг. Та ч гэсэн туршаад үзээрэй. 

Анхааруулга: Бага насны хүүхдүүд ба жирэмсэн эхчүүд сармисыг их хэмжээгээр хэрэглэх нь тохиромжгүй, мөн бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоод, гэдэсний шархтай, мэс засалд орох гэж буй хүмүүс сармис ихээр хэрэглэхдээ болгоомжтой байх, эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. 
Эх сурвалж: Фэйсбүүк


Гэртээ маск хийгээрэй

Хавар, зуны цагт хүний нүүрний арьс харлаж борлох, сэвхтэх хандлагатай болдог. Янз бүрийн гуужуулагч, крем тосыг хэрэглээд ч тэр бүр үр дүнд хүрдэггүй. Харин үүний оронд гэрийн нөхцөлд бэлтгэсэн маск, түрхэц хэрэглэвэл илүү тустай. Хөлсний сүв нь эрс тодорсон үед өндөгний цагааны, нимбэг-өндөгний цагааны хатааж агшаах үйлчилгээтэй түрхэц тохиромжтой байдаг.
Өндөгний цагааны маск. Нэг өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгана. Үүний дараа угааж цэвэрлэсэн нүүрэндээ хөвөнгөөр түрхэнэ (зовхиндоо тослог ихтэй нүүрний тосыг түрхэнэ) маскийг 15 минут байлгасны дараа бүлээн усаар угааж, эцэст нь пудр тавина.
Нимбэг-өндөгний цагааны маск. Сэвхтэх, харлаж борлоход тустай. Нэг өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад дээр нь цайны халбага нимбэгний шүүс нэмнэ. Энэ маск нь нүүрний арьсыг өнгөлөг болгоно. Өндөгний цагааны түрхлэгийн нэгэн адил хэрэглэнэ.
Сүүн түрхэц. Сүүнд дүрсэн хэрчим талхыг нүүрэндээ тавиад 10-15 минут байлгана. Уг маскийг байнга хэрэглэвэл арьс булбарай зөөлөн, цагаан болно.
Төмсөн түрхэц. Түүхий төмсийг үрүүлээр үйрүүлээд нүүрэндээ 20 мин. тавина. Тослог батгатай нүүрийг бяцалж үйрүүлсэн төмс өндөгний цагаан халбага зөгийн бал бүхий хольц сайн цэвэрлэдэг.
Хөрөнгөний түрхэц. 20 гр хөрөнгийг (эсгэгч) жаахан сүүтэй хольж хутгаад нүүрэнд түрхэж 25 минут байлгана. Дараа нь нүүрээ халуун усаар угааж.хүйтэн усаар зайлна .Энэ маск нь үрчлээг толийлгож арьсыг сэргээнэ. Нэн ялангуяа тийм ч цэвэр биш, батгатай нүүрэнд тохиромжтой. Ийм маскийг долоо хоногт 1 удаа тогтмол хэрэглэвэл арьсыг цэвэр, цайвар болгоно.


Генний өөрчлөлтөнд орсон хүнсний бүтээгдэхүүнүүд

GMO буюу Генний өөрчлөлтөнд орсон хүнсний бүтээгдэхүүнүүд одоогоор ОХУ-д импортоор оруулж ирдэг хамгийн өргөн хэрэглэгддэг Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүдийн "хар жагсаалт" байна. Өөрөөр хэлбэл эдгээр бүтээгдэхүүнийг идэж хэрэглэбэл эрүүл мэнд, амь нас цаашилбал дэлхий дээр байгаа бүх амьд организмд аюултай юм байна.

ГМО буюу генний өөрчлөлтөнд орсон түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийш идэж хэрэглэх нь байтгуай "хажуугаар нь ч гарч болохгүй" гэсэн байна. Үр хүүхдээ хол байлга. ГМО буюу генний өөрчлөлттэй хүнсний болон бүтээгдэхүүний хүний биед болон бусад амьд организмд үзүүлэх сөрөг нөлөөг бүрэн дүүрэн судалж амжаагүй байгаа бөгөөд одоогийн байдлаар хүний дархлааны систем болоод бөөр шээсний замын эрхтэнүүдийг хамгийн ихээр өвчлүүлдэг юм байна. Хоол хүнсний замаар хүний биед гаднаас орж ирсэн генний өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд хоол боловсруулах эрхтэнээр дамжин цусанд шингэж хүний биеийн бүхий л хэсгүүдэд хүрч ДНК /хромосом/-ийг мутацид оруулж өөрчилдөг байна.

ГМО – генний өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалт:

ГМО нь орчин үеийн хамгийн аюултай биологийн зэвсэг бөгөөд улс орны хүнсний аюулгүй байдалд заналхийлж хүн амын өсөлт хөгжилтийг сааруулдаг байна. Үүнд:

1. "Lipton" цай, "Nescafe" кофе. Нескафег үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд болох генетикийн өөрчлөлттэй кофены үрийг зөвхөн Вьетнамд тариалдаг.

2. Production company Unilever /Юнилевер компаний дараах бүтээгдэхүүнүүд:
a. Lipton (чай)
Brooke Bond (чай)
Беседа (чай)
Calve (майонез, кетчуп)
Rama (масло)
Пышка (маргарин)
Делми (майонез, йогурт, маргарин)
Альгида (мороженное)
Knorr (амтлагчууд)
3. Production company Nestle / Нестле компаний дараах бүтээгдэхүүнүүд:
a. Nescafe(кофе и молоко)
Maggi(супы, бульоны, майонез, приправы, картофельное пюре)
Nestle (шоколад)
Nestea(чай)
Nesquik(какао)

4. Production company Kellog"s /Келлог компаний дараах бүтээгдэхүүнүүд:
a. Corn Flakes (хлопья)
Frosted Flakes (хлопья)
Rice Krispies (хлопья)
Corn Pops (хлопья)
Smacks (хлопья)
Froot Loops (цветные хлопья-колечки)
Apple Jacks (хлопья-колечки со вкусом яблока)
All-bran Apple Cinnamon/ Blueberry (отруби со вкусом яблока, корицы, голубики)
Chocolate Chip (шоколадные чипсы)
Pop Tarts (печенье с начинкой, все вкусы)
Nutri-grain (тосты с наполнителем, все виды)
Crispix (печенье)
Smart Start (хлопья)
All-Bran (хлопья)
Just Right Fruit & Nut (хлопья)
Honey Crunch Corn Flakes (хлопья)
Raisin Bran Crunch (хлопья)
Cracklin" Oat Bran (хлопья)

5. production company Hershey"s /Херши’c компаний дараах бүтээгдэхүүнүүд
a. Toblerone (нэрийн бүх төрлийн шоколад)
Mini Kisses (зөөлөн чихэр)
Kit-Ka t (шоколадный батончик)
Kisses (зөөлөн чихэр)
Semi-Sweet Baking Chips (печенье)
Milk Chocolate Chips (печенье)
Reese"s Peanut Butter Cups (самрын тос)
Special Dark (хар шоколад)
Milk Chocolate (сүүтэй шоколад)
Chocolate Syrup (шоколадный сироп)
Special Dark Chocolate Syrup (шоколадный сироп)
Strawberry Syrop (гүзээлзгэний сироп)

6. Production company Mars
a. M & M"s
b. Snickers
c. Milky Way
d. Twix
e. Nestle Crunch (шоколад rice flakes)
f. Milk Chocolate Nestle (шоколад)
g. Nesquik (найруулдаг шоколад)
h. Cadbury (Cadbury / Hershey "s) Fruit & Nut

7. Company Heinz /Хайнз компани/ :
a. Кетчуп (ердийн болон давсгүй)
b. Chili Sauce (Чили соус)
c. Heinz 57 Steak Sauce (мах амтлагч соус)

8. Production company Hellman"s /Хеллманн компани:
a. Real Mayonnaise (ердийн Майонез)
b. Light Mayonnaise (калор багатай Майонез)
c. Low-Fat Mayonnaise (тослог багатай Майонез)

9. Production company Coca -Cola
a. Coca-Cola
b. Sprite
c. Cherry Coca
d. Minute Maid-Жүржийн
e. Minute Maid-Усан үзмийн
10. Production company PepsiCo
a. Pepsi
b. Pepsi Cherry
c. Mountain Dew

11. company Frito-Lay manufacturer / PepsiCo (тос буюу бусад дагалдах орц бүтээгдэхүүнд генийн өөрчлөлттэй)
a. Lays Potato Chips (Лэйс төмсний чипс, бүх төрлийн)
b. Cheetos (chips) /Чийто төсмний чипс, бүх төрлийн/

12. Production company Cadbury / Schweppes
a. 7-Up
b. Dr.Pepper

13. Production company Pringles (Procter & Gamble)
a. Pringles (Принглес нэрийн бүх төрлийн чипс - Original, Low Fat, Pizza-licious, Sour Cream & Onion, Salt & Vinegar, Cheezeums
14. Зөгийн бал: Генийн өөрчлөлтөнд орсон ургамалаас цуглуулсан байж болзошгүй. Зөгийнүүд гений өөрчлөлтөнд орсон ургамалын тоосыг цуглуулж чаддаггүй гэсэн судалгаа байдагч ямарч л байсан ийм аргаар гаргаж авсан зөгийн бал байгаа нь үнэн.

15. Цагаан будаа: Сорт, үйлдвэрлэгч тодохойгүй болон Хятад, Тайван улсуудад тарьж ургуулсан цагаан будаа генийн өөрчлөлттэй байна. ОХУ дотоодын хэрэгцээний цагаан будааныхаа дийлэнх хувийг БНХАУ-аас импортолдог. Экологичидын судалгаагаар БНХАУ сүүлийн 2 жил гаран генийн өөрчлөлттэй цагаан будааг маш өргөн цар хүрээтэйгээр хууль бусаар тариалж дотоодын болон олон улсын зах зээлд эрчимтэй экспортолж байгаа нь тодорхой болоод байгаа юм. Экологичидын мэдээлсэнээр GREENPEACE-ийнхэн 2005 оны хавар БНХАУ-ын тариаланчид, фермер, компаниудаас импортолсон цагаан будааны дээжийг Герман улсын GENESCAN лаброторид шинжлүүлэхэд нийт компаниудын 2/3 буюу 25 компаний 19-ийнх нь тариалсан цагаан будаа генийн өөрчлөлттэй байгааг тодорхойлжээ. Түүнчлэн будааны гурилаар хийсэн буюу орц найрлаганд нь орсон каш, хүүхдийн будаа, сүүн тэжээл, гоймон зэргийг хэрэглэхээс эрс татгалзах нь зүйтэй гэж Greenpeace-хэн анхааруулж байна .

Үүнээс гадна үйлдвэрлэгчид түүхий эд, орц найрлагаа хаанаас бэлтгэж байгаагаа бүтээгдэхүүний хаяг шошгон дээр зааж өгөхгүй байгаа нь ихээхэн асуудал дагуулж байгаа юм.
Генийн өөрчлөлттэй үр тариа, жимс хүнсний ногоо, бусад хүнсний бүтээгдэхүүнийг органикаас нь ялгаж болох уу? Тухайлбал генийн өөрчлөлттэй үр тариа, жимс хүнсний ногоо органикаасаа илүү “царайлаг”, муудахдаа удаан, зүсэж хэрчсэний дараа хэлбэр, өнгө зүс, үнэрээ алддаггүй зэрэг олон нийтлэг шинж тэмдэгтэй байдагийг анхаарах хэрэгтэй. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэвч хэрэглэж болохгүй!!!!

Генийн өөрчлөлттэй, хамгийн өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдээс дурдвал:
- Сникерс /шоколад/
- Pepsi /ундаа/
- Maggi /амтлагч/
- Pringles /чипс/

За да манайхан ч хорыг сайн дураар идээд удаж байгаа юм байна. Хойд, урд хөршүүд ийм байхад. Тэгээд ч дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийг Монголчууд хамгийн ихээр рекламддаг бас идэж хэрэглэдэг. Муу бүтээгдэхүүнийг мартуулахгүйн тулд үргэлж рекламддаг гэсэн үнэн бололтой.

Ясны шөл бэлтгэх арга

Манайхан мах их иддэг хэрнээ ер нь ясыг нь ашигладаг хүн тун цөөхөн юм шиг. Манайх бол нээх тоодгүй үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнд хүрдэг. Их ач холбогдолтой болохоор тэр шүү дээ. Яс тэр тусмаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц шүү дээ. Зүгээр л цай чанахдаа данхандаа хийгээд л цайгаа чанаад байхад хүртэл ашиг тусаа өгдөг. Эрүүл залуу байх энгийн зүйлсээс л эхэлдэг юм шүү. Ясаа яаж ашиглахаа мэдэхгүй бол өөрийн мэдэх дараах хэдэн зөвөлгөөг бэлдлээ заавал хэрэгжүүлээрэй.
- зүгээр ч цайндаа чанаж уух
- ясны шөл гаргаж хэрэглэх
- нухаад бага багаар цай хоолондоо хийж идэх
- нялх бага хүүхдээ усанд оруулах, ууранд суулгах
Ясны шөл бэлтгэх
Ясны шөлний үндсэн түүхий эд нь яс юм. Яс нь мөлжүүртэй, мөлжүүргүй аль нь ч байж болно. Ясны шөл гаргахдаа үхрийн чөмөгт ясны булуу, хавирга, сээр, нуруу, ууцны ясыг ашиглана. Ясыг 8-12 см хэмжээтэй жижиглээд, хүйтэн усанд хийж, үхэр, тугал 3,5-4 цаг, гахай, хонь 2-3 цаг зөөлөн гал дээр чанана. Зарим эх сурвалжуудад загасны яс 2 цаг, хонь, тахианых өдрийн турш, харин үхрийн ясыг 24 цаг зөөлөн гал дээр чанана гэжээ. Шөнийн турш плиткээ асаана гэдэг нэг талаар аюултай учраас унтахаасаа өмнө плиткээ унтрааж, гадуур нь сайн ороогоод, таглаад, маргааш нь дахин зөөлөн гал дээр буцалгаж болно. Амт оруулагч сонгино, сармис, лаврын навч зэргийг шөлийг гаргахаас 30-40 минутын өмнө хийнэ.
Зарчим:
Шөл гаргахдаа хүйтэн ус хийнэ.
Шөлийг буцалмагч галыг багасгаж, зөөлөн гал дээр чанана.
Шөлний нитгэл, тосыг байнга хамж авна.
Шөлийг шүүж, тунгалаг болгоно.
Саванд хийж, урсгал хүйтэн усанд тавиж хөргөнө.
Хөргөсөн байдлаар 7 хоног, хөлдөөж хэдэн сар хадгална.
Ус нь бага зэрэг хүчиллэг бол яснаас ус руу кальци, магни, фосфор, хүхэр зэрэг эрдсүүдийг гадагшлуулдаг. Ийм учраас бага хэмжээний цуу хийх хэрэгтэй.
Эрүүл мэндийн ач тус
1. Үений эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг коллаген ширхэгтэй их холбоотой. Коллаген гэдэг нь гликозамингликаныг оролцуулсан том биомолекул бөгөөд энэ нь үеийг эрүүл байлгадаг маш чухал молекул юм. Ясны шөл нь гликозамингликануудын агууламж өндөртэй. ГАГ-уудын нэг нь глюкозамин бөгөөд үүнийг агуулсан хүнсний нэмэлтүүдийг хүмүүс тогтмол хэрэглэж байгаа. Зөвхөн глюкозаминаас гадна ясны шөлөнд хондроитин, гиалуроны хүчил гэх мэт бусад ГАГ-ууд ч агуулагддаг.
2. Ясны шөл нь үс, арьс, хумсыг маш сайхан болгодог. Үс, арьс, хумсны гол бүтэц болох коллагеныг маш олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хүмүүс хэрэглэдэг. Ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр, найдвартай, коллагенийг биедээ шингээх боломжтой.
3. Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин нь ясны шөлөнд агуулагддаг. Желатин нь пролин, глицинээс тогтсон уураг юм. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба хэт нэвчимтгий байдлыг желатин нь бөглөж, засварлан, сэргээдэг байна. Желатин нь ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд, шарлалтын үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Хүүхдийн сүүнд желатин нэмж өгөхөд хүүхдүүдийн хоол боловсруулах замын зовиурууд арилж байсан байна. Шийр, толгой зэрэг нь желатины агууламжаар бас их бөгөөд студенийг бага хэмжээгээр ч хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай юм байна. Желатины найрлага дах глицин нь глутатион хэмээх маш хүчтэй антиоксидантын найрлагад ордог учраас бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэхэд тустай. Ясны шөлний найрлагад агуулагдах глицин нь элэгний хорт бодисуудыг цэвэрлэж, зайлуулахад шаардлагатай байдаг. Бүх төрлийн хоргүйжүүлэх дэглэмүүдэд элгийг хамгаалж, элэгний үйл ажиллагааг дэмжих нь маш чухал байдаг. Тийм болохоор ясны шөлийг хэрэглэснээр глициныг авах боломжтой юм байна.
3. Махны хэрэгцээг бууруулна. Желатины хэрэглээ хангалттай байх нь махнаас авах уургийн хэрэгцээг 50 хүртэлх хувиар бууруулдаг байна.
4. Үе мөчний, коллаген зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхээс илүүтэйгээр ясны шөл гаргаж, шөлтэй хоолондоо тогтмол хэрэглэж байх нь эдгээр бэлдмэлүүдээс илүү үр дүнтэй, шингэцтэй, олон талын ач тустай, хямд байх юм байна.