Хүн болгон математикч болох албагүй, харин эцэг, эх болно гэдгээ мартаж болохгүй. В.А.Сухомлинский.
Хүн бүхэн л зорилготой байдаг шүү дээ. Өнөө маргаашийн, алс хэтийн, том, жижиг гээд л. Харин өнөөдөр би та бүхэнтэй одоогийн өрнөл бас ирээдүйн эхлэл болсон залуу хүний амьдралын “эрхэм” зорилгын тухай ярилцъя.
Бидний амьдралын хамгийн эрхэм зүйл юу вэ? Амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй, түүнгүйгээр би хэн ч биш мэт, түүнгүйгээр оршин байх боломжгүй мэт төсөөлөгддөг, ус агаар шиг эрхэм тэр зүйлийнхээ тухай эргэцүүлэн бодоцгооё. Мэдээж та үүнд огтхон ч эргэлзэлгүй миний гэр бүл гэж хариулах байх. Тэгвэл залуу хүний амьдралын "эрхэм" зорилго гэдэг бол амьдралын хамгийн үнэ цэнэтэй, эрхэм нандин зүйлийг хадгалж үлдэх, хамгаалах, басхүү бүтээх явдал юм.
Нийгмээс ангид хүн гэж байхгүй. Хэрэв тийм хүн байвал нэг бол бурхан, аль эсвэл араатан - Аристотель.
Жигшмээр аймшигт гэмт хэрэг, сэтгэл эмзэглүүлэм үйл явдлууд шил дараалаад л олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж олны айдас түгшүүр, уур бухимдлыг хүргэх болжээ.
“Хорь ч хүрээгүй охид эцэггүй хоёр хүүхдээ тэжээх гэж биеэ үнэлэн зогсоно.., Төрсөн эцэг нь охиноо зодсоор байгаад алчихлаа.., Дөнгөж төрсөн нялх хүүхдээ хогийн уутанд хийгээд хаяжээ.., 19-тай биеэ үнэлэгч охин яг үнэндээ биднийг хүмүүс сонирхох нь багасаад байгаа 13, 14 тэй охидыг илүү сонирхдог гэж ярьж сууна” ... Ээ бурхан минь, үүнд хэн буруутай юм бэ?
Мэдээж хэрэг хийсэн хэргийнхээ төлөө ял эдэлсэн, эдлээгүй санаатай, санамсаргүй үйлдсэн тэр гэмт хэрэгтнүүд буруутай. Харин тэр гэмт хэрэгтнүүдийг хэн бий болгов? Хэнээс, юунаас болж тэд тийм нөхцөл байдалд хүрэв? Тэд тэнгэрээс унав уу? газраас ургав уу? Үгүй , тэд бол хүн. Оюун ухаант хүн төрөлхтөний хөгжлийнхөө явцад бий болгосон нэгэн агуу зүйл болох нийгэм, эцэст нь эргээд өөрсдөө нийгмийнхээ бүтээл болдог хүн төрөлхтөн! Тэд бидэнтэй л адилхан аав ээжийн хөвгүүд, охид. Тэд цэцэг шиг ариухан, цаас шиг цагаан төрөөд адгийн хог шаар, бүр араатнаас дор амьтан болж өсдөг юм. Дахиад асууя, “Үүнд хэн буруутай юм?”. Бид, бидний үр хүүхэд хойч үе эрүүл аюулгүй орчинд амьдарч, аж төрөх баталгаа бий? Бид хэнийг буруутгах ёстой юм бэ? Өнөөх л муу нийгэм гэж чичилж сууна уу? Тэгвэл 21-р зууны хүн та өөрөө энэ нийгмийн нэгэн хэсэг гэдгээ битгий мартаарай. Ухаант хүн та энэ нийгмийн төлөө үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг уу? Мэддэг үү? Ухаардаг уу? Тэгвэл өнөөдрөөс эхлээд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе
Хүүхэд- шинэ амьдрал- шинэ ертөнц- шинэ төсөл; Тэд бидэнд асар их баяр баясал гэрэл гэгээ авч ирээд, түүнээс ч их үүрэг хариуцлагыг үүрүүлдэг. Тэр цав цагаахан цаас шиг цоо шинэ хүн төрөлтнүүд бидний алхсан мөрөөр даган алхаж, боссон газар нь босч, суусан газар нь сууна. Тэд бол бидний гараар бүтсэн бидний маргааш юм. Тэрхүү маргаашаас нөгөөдөр урган гарч, нөгөөдрөөс дараа ирэх мянга мянган маргааш үргэлжилнэ... Цэцэгс хүртэл үрээ үлдээх гэж хагдарч унадаг хорвоо юм. Биенээс тань бие болон ургаж, ухаанаас тань ухаан болон төрөх тэр бяцхан хүн төрөлтнүүд та бидний эрхэм нандин ирээдүй билээ.
Үр хүүхдээ ямар нийгэмд амьдраасай гэж та хүсэж байна вэ? Тэгвэл тийм нийгмийн нэгэн хэсэг байхуйц оюунт хүн, ухаант үрсийг цогцлоон бүтээхийн төлөө үе тэнгийн олон залуус, ах дүүс та бид хариуцлагатай, ёс зүйтэй, хүчирхэг эцэг эх болж, бат бөх гэр бүлийг бүтээх нь залуус та бидний "амьдралын эрхэм зорилго" буй за. Сайхан нийгэм, гэрэлт ирээдүйг бүтээх эрхэм зорилгын төлөө залуу хүн бүр өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж алхам бүртээ ухаалаг хандацгаая.
Эрхэм та мэргэн оюундаа шүүн тунгаана бизээ.
Админ
No comments:
Post a Comment