Урьд эрт цагт говийн нэгэн
хошууг захирсан залуу ноён сэтгэл зүрхээ Сэврэй хэмээх шанган сайхан хүүхэнд
илчилж ханилан сууснаас хойш төдий л удалгүй хиртэй гараар баримгүй, хив
хадгаар ороомгүй бөндийсөн цагаан хүүтэй болжээ. Хөөрхөн цагаан хүүгээ хөвөнд
хадгалсан сувд шиг хайрлан энхрийлж Хөвгүүн гэж нэрлэжээ. Эцэг эхийн өвөр
дээрээс бууж үзээгүй Хөвгүүн эрх дураараа өсөж амьдралын аар саар гачигдлыг
мэддэггүй, аавын хайртай морьдыг унаж ар өврийн айл хэссэн, ээжийн хайртай
эрдэнэс юмсыг зарж үрсэн задарсан дүрсгүй амьтан болжээ. Аавын хатуухан үгийг
ээждээ очиж тунирхан, ээжийн ширүүхэн үгийг аавдаа очиж гоморхсоор ноён, хатан
хоёрын хооронд хоног хоногоор ан цав үүсгэсээр байв. Эцэг эхийн хооронд эв
эвдэрснийг эрх хөвгүүн элдвээр ашиглаж дэвэргэсээр эцэстээ эд хөрөнгөө булаацалдаж,
эрх хөвгүүнээ өмөөрцгөөж энэ хоёр салж сарних болж, орон гэрээ тусдаа
барьцгааж, олон цэргээр хамгаалуулж сууцгаадаг болжээ.
Ноён арван давхар
цэргээр ар талаасаа мануулан жагсаагаад, албаны гурван түшмэлээ дуудан ирүүлж,
адайр зөрүүд Хөвгүүнийг анхааран харгалзаж байхыг тушааж гэнэ. Ааштай төрсөн
зөрүүд Хөвгүүн түшмэдийн үгэнд орохгүй алсхан очоод суучихаж гэнээ. Тэр цагаас
хойш хатны зүгээс ирэх аюулыг хамгаалсан цэргүүд Хар, Шар, Хүрэн хана хэмээх
хачин сонин хэлбэртэй хад цохио бүхий уул болж гэнээ.
Эрх танхил Хөвгүүнийг нь
эргэж тойрч байх үүрэг хүлээсэн гурван түшмэл ихэмсэг байдлаар эзэн өөдөө
мэхийж байгаа мэт тогтсон ижилхэн гурван хүрэн уул болж гэнээ. Эцэг эхийнхээ
амьдралыг сарниулсан эрх танхил Хөвгүүн нь этгээд зөрүүд байдлыг илчилсэн хад
асга багатай хар толгой болоод тогтчихжээ. Төрүүлсэн үрээ санан мөрөөддөг
төрөлхийн эх хүний сэтгэлээр хайрт хүү минь ээждээ ирж уулзаач гэж хэл явуулсанд аав ээжийн хайрыг
мэдэрдэггүй хүү нь хариу ганц ч үг
хэлсэнгүйд хатан ээжийнх нь ямаан омог хөдөлж аяганы ширээн дээр байсан толио
аваад шидчихжээ. Ээжийн нь шидсэн толь этгээд хөвгүүний хажууханд унасан нь
толигор гадаргуу нь шил мэт гялалзсан толь хад болчихож гэнэ. Тэгээд одоо хүртэл Хөвгүүн тэр толинд
ээжийгээ харсаар байдаг болжээ. Хатан Сэврэйн энгэрт хаанаас нь ч харсан
тэгшхэн оройтой хар уул байх нь адгуу хөвгүүндээ гомдож толио авч шидсэн аяганы
ширээ нь тэр гэнээ.
*************************************************************************************************
Эрхийг сурахаар бэрхийг
сур!
Буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж буурал дээдсийн
маань цэцэн үг чухам үнэн гэж домог төгсдөг.
No comments:
Post a Comment