expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Thursday, March 12, 2015

Алтан уулын домог

Эрт дээр цагт юм гэнэ. Манж хятадын дарлал манай орныг нэрвэсэн хэцүү үед юм байх. Өргөн уудам нутгийн маань өнцөг булан бүрт олз хайсан гадаадын түрэмгийлэгчид ангамал хуурай говь цөлийг ч гатлан, алт мөнгө л олж байвал амь насаа ч өгөхөөс буцдаггүй байсан тэр цагт ар Монголын говь нутагт алтаар бүрсэн нэг уул байдаг тухай ам дамжсан цуу яриа нэгэн баян тангадын сонорт хүрч гэнэ. Ховдог шунахай тангад холын тэр их алтыг авах юмсан гэхээс хоол цай нь хоолойруугаа давахаа больж, хоногийн нойр нь хойт зүгт хулжиж, өдрийн бодол, шөнийн зүүдэнд амар заяа үзэхээ байжээ. Баяжихын дон шүгэлсэн баян тангад байж сууж чадахгүй болж барлаг зарц, бараа бологч нараа нэгэн өдөр цуглуулж, уулыг тэр хэвээр нь ачсан ч  болохоор урт гэгчийн жингийн цуваа бэлтгэж, алс холын ар Монголд байгаа алтан уулыг  нурааж аваад ир гэж тушаажээ. Ирэх цагт чинь хэрэг болно гэж их цэрэг дагуулж явуулж гэнэ. Өчүүхэн ч гэсэн алт аминдаа ашиглах гэвэл өчиггүй цаазална гэж тэдэнд зарлиг буулгажээ. Баян тангадын илгээсэн бараа бологчид баруун хойд зүгийг чиглэн явсаар бараг сарын хугацаа өнгөрөхөд нэл алт эрдэнэс гялалзсан нэг их өндөр уулын хормойд ирж буужээ. Холоос ирээд хот манайх, хотонд ирээд хонь минийх гэдэг шиг мөнөөх өндөр уулыг бүсэлж аваад өдөр шөнөгүй ухаж гарчээ. Унтах идэхээ мартсан шунахай тангадууд уулын хажууг улам гүнзгийрүүүлэн малтаж байтал үхэр шиг хэлбэртэй үлэмжийн том гэгчийн алт гараад ирж гэнээ. Улан дор нь энэ их эрдэнэс байхад ухаад авчихаа мэдэхгүй урагшгүй муусайн Монголчууд ухаантай төрсөн дээдэс бидэнд энэ их эрдэнэсээ адлах нь энэдээ гэж уугуул нутгийн ард түмнийг хүртэл басамжлан шуугилдаж уулыг улам цааш нь ухаж байтал өнөөх алтан үхрийн өрөөсөн эвэр нь гараад иржээ. Бусдаасаа урьтаж булга цохиж авах санаатай алтанд шунасан нэг тангад үхрийн эврийг цохиодохсон чинь алтан уул бүхлээрээ доргин нижигнэж агшин зуур нуран өнөө олон тангадын дээрээс өчиггүй дарчихжээ. Уулын нуралтаас болж шахагдсан хий тангадуудын өмссөн хар тоорцогнуудыг тал бүр тийш нь хийсгэхэд тоолшгүй олон хар хэрээ нисээд явчих шиг болсон гэдэг. Тэр цагаас хойш өнөө үеийг хүртэл алтан үхэр уулан дороо хадгалаастай байдаг юм гэнэ лээ. Арвин баялаг эрдэнээ ариун хэвлийдээ хадгалсан тэр уулыг Алтан уул гэх болж, нэг үхрийн эвэр үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг цэцэн үг үүнээс гарч гэнээ. Гэнэт идэх гэдсэнд гэмтэй, гэнэт баяжих насанд гэмтэй гэдэг үнэн шүү гэж домог төгсдөг юм.
     **********************************************************

Аварга гүрвэлийн амьдарч байсан алдар цуут Нэмэгт уулын энгэр барин алс баруун зүгийг чиглэн явахад домогт Алтан уул тэнгэрийн хаяанд цэнхэртэн сүүмэлзэх нь ариун онгон хэвлийд минь алт эрднэсэн баялаг ч бий, аварга гүрвэлийн яс ч бий гэх шиг дүнхийн манантаж харагддаг юм.

No comments:

Post a Comment