expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Wednesday, March 11, 2015

Дөрвөлж хар бүйлсний тухай домог

Монгол сайхан орныг маань Хятадын шунахай худалдаачид, доншуур наймаачид говь хангайгүй хэсэн бэдэрч ард түмний аль өнгөтэй өөдтэй эд юмсыг арга залиар цуглуулан цөлмөж байсан үед ар Монголд ирж амь зуух, арга эв нь олдвол арав таван мал цуглуулж, арилжаа наймаагаар амьдрал залгах бодолтой нэгэн Хятад догшуур худалдаачин дотор газраас иржээ.
Хос шаахайнаас өөр илүүчлэх хувцасгүй, хоёр гурван боодол хамрын тамхинаас өөр хогшилгүй тэр хятад авчирсан хэдэн тамхиа үнэд хүргэж ноос, үс, арьс шир зэрэг харь нутагт алтаар үнэлэгдэх зүйлээр арилжаад нутгийн зүг яаран эргэжээ.
Явсан нохой яс зууна гэгчээр аваачсан юмсаа эд баялгаар сольж, амташсан хэрээ арван гурав эргэдэг шиг бас буцаад ирж гэнэ. Төрөлхийн шунаг сувдаг тэр хятад авчирсан зүйлсээ арилжиж олсон алт мөнгө, үнэт чулуу, ангийн үс, арц гангийн анхилам сайхын цэцэг навчисыг хоёр авдранд хийж аваад явахдаа ямар ч хөлс зардал гаргалгүй дотор газар оруулбал улам их ашиг олж чадна гэж бодоод ажлын хүн ч хөлсөлсөнгүй, ачлага хөсөг ч хэрэглэсэнгүй гэнэ. Хэрэв ачаа хөсөгтэй явбал баян данжаад явж байна гэж замын тонуулчид дайралдаж хамаг юмаа тонуулж дээрэмдүүлэхээс ихэд болгоомжилж ганцаараа хоёр авдартай юмаа зөөж тавиад явж байжээ. Гэтэл нутгийн нэгэн баяны зарц замд дайралдаж, “Данжаад гуай! Авдартай юмаа тэмээнд тэгнээд ч юмуу, тэргэнд ачаад ч болсон явахгүй яасан юм бэ?” гэж асуусанд өнөөх хятад ихэд уурлаж “Хай чи юу мэднээ. Би явж байна, Бээжин сууж байгаа шүү. Чамд хамаагүй” гэж хэлээд нөгөөх хүнд авдруудаа хурдан хурдан зөөж тависаар эргэн эргэн харсаар яваад өгчээ.
Шунахай хятад ингэж явсаар сүүлдээ бүр ядарч шургаж унамаар сульдаж, авдараа өргөж даахаа байж гэнэ. Тэгээд авдрынхаа сүүдэрт суугаагаар амарч хэсэгхэн зуур зүүрмэглэх хооронд зүүн урдаас аймаар муухай зүс царайтай хэдэн хүн ирж авдартай юмыг нь авлаа гэж зүүдлээд учиргүй айж хашгиран сэрсэн чинь хавь ойр юу ч байсангүй, харин хажууханд нь өнчин хар бүйлс харагдаж гэнэ.”Ай энэ яасан тэмдэгтэй мод байнаа, алт мөнгө, эрднэсийн чулууныхаа аль хүндээс энэ бутны дэргэд булчихаад хөнгөн эд юмсаа үүрээд явна ваа! Сүүлд эргэж ирж булсан юмаа авахад амархан” гэж сүрхий мэргэн арга олсондоо ганцаараа маасайтал инээж, “одоохон газар ухъя” гэж бодсоноо бас л хартай санаа нь дийлж “ Хай, гэгээн цагаан өдөр газар ухаж байгааг хүн харвал яанаа, шөнө ухвал дээр” гэж боджээ. Шөнө болсон хойно авдраа багтах нүх малтаж, гарсан шороогий нь оготны үлийд аваачид хийгээд, авдраа булсан шороог хэнд ч мэдэгдэхээргүй тэгшилж, хавь ойрын хайрга чулуу цуглуулж тараан орхиод нар мандахаас өмнө яваад өгчээ. Явган хятадын үүрсэн авдар хэдий хөнгөн боловч байнга үүрээд явахаар бас л хүнддэж байн байн амарсаар бараг жил болж байж нутгийн бараа харж гэнээ. Очсон хойноо олзныхоо юмыг наймаалж хоолтой ундтай хоёр, гурван сар болжээ. Тэгээд харь газар орхисон юмандаа яаран буцах гэтэл ар монголд айхтар сүрхий бослого гарч, хятад толгойтой бүхнийг хиар цохиж байгаа сураг дуулдахад “одоо би яанаа, орхисон алт эрдэнэсийг минь олоод авчихгүй байгаа” гэж гэрт орвол гэдэргээ харж гэюүрч хэвтсээр, гадаа гарвал газар тэнгэрийн савслага тийш гансран харсаар хэдэн жил болчихжээ.
Тэгтэл ар Монголд гарсан үймээн намдаж байгаа тухай чимээ дуулаад тэргэнд илжиг хөллөж аваад тэмдэглэж орхисон ганц хар бүйлстэй газраа хүрээд ирсэн чинь ганц хар бүйлс нь мянган хар бүйлс болоод үржчихсэн аль бутны дэргэд алт мөнгө байгааг олох ямар ч аргагүй болсон байжээ. Түүгээр ч барахгүй мянган хар бүйлс нь яг ижил зайтай, том жижгээрээ ялгахын аргагүй, зориуд тарьсан юм шиг ургачихсан байж гэнэ. Хятадын гол нь харлаж “Хай, яасан муу ёрын хар мод вэ? Хайран олт мөнгийг минь чи хаана нуусан бэ?” гэж хар бүйлснээс хэдийг булга татаад авсан чинь бутны тоогоор нэмж ургаад байхаар нь шатаах санаатай нэг бутанд гал оруулж үзсэн чинь нойтон бүйлс бие биенээ үлээж унтраагаад байж гэнээ. Тэгээд мөнөөх хятад яаж ч чадалгүй буцаад явсан гэдэг.
Түүнээс хойш дөрвөлж хар бүйлс гэдэг нэртэй хэсэг бүйлс бий болж, их санасан газар есөн шөнө хоосон гэдэг энэ дээ гэж домог төгсдөг.

     ***********************************************************
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг “Гэдрэг” хэмээх уулын ард хэсэгхэн газрыг эзлэн дан бүйлсний төгөл бут ургасан байдгийг “Дөрвөлж хар бүйлс” гэж нутгийнхан нэрлэдэг.

Домогт гарсан шиг бүйлс бут хэдхэн жилд мянга болтол үржиж ургах нь юу юм. Харин ард түмнийг шулан дээрэмдэж байсан шунахай худалдаачдыг эсэргүүцэж байсан ардын тэмцлийг мянган бүйлсээр төлөөлүүлсэн ардын аман зохиол юм.

No comments:

Post a Comment