expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Sunday, November 23, 2014

Ганцаардлын гүн рүү


Би яг одоо маш их ганцаардаж байна. Гэхдээ юу гээч үнэндээ бол би ганцаархнаа байх дуртай. Өөр хэн нэгэнтэй өөрийнхөө ертөнцийг хуваалцахыг хүсэхгүй, түүгээр ч үл барам бат бөх гэгчийн хана хэрэм бүхий цайж босгочихоод түүнийгээ миний ертөнц гэж нэрлээд хэдэн давхар харуул хамгаалалтаар бүслүүлэн, хэрмийн голд байрлах хэдэн л бол хэдэн мянган хүн нэгэн зэрэг багтаж болох шилтгээнийхээ хамгийн мухрын харанхуй өрөөнд тоосондоо дарагдаж хуучирсан төгөлдөр хуурын өмнө зүрхээ тэврэн чив чимээгүй бодолд автан сууна. Он удаан жилийн дарагшсан, тийм гэхийн аргагүй өмхийрөн ялзарсан үнэр үе үе хамар дэлсэнэ. Муухай үнэр! Үгүйээ харин ч энэ үнэр надад таатай байна. Учир нь үүнээс хойш би цэцэгсийн тансаг үнэрийн сайхныг улам илүү мэдрэх болно. Гэвч би эндээс алхам ч хөдөлмөөргүй байна. Хэрэв би хүсэх аваас дээд давхарлуу гаран цамхаглуу шатаар өгсөөд эргэн тойрныг ханатлаа харж болох билээ. Учир нь зах хязгаар нь үл мэдэгдэх уудам тал нутгаас эхлээд мөнх цаст уулс, далай тэнгис, хүн, амьтан, мөн хөл хөдөлгөөнт орон хотын бужигнаан гээд.. бүхий л зүйлийг харж чадна. Гэвч би өөрийн эзэмшлийн энэ цайзаасаа гадагш гарахыг хүсэхгүй байна. Учир нь би энэ л өөрийн эзэнт улсдаа өөрийн хүссэн бүхнээ хийж болно. Ямар ч шалтгаангүйгээр тас тас хөхөрч, ямар ч шалтгаангүйгээр дуулан баясаж, тэнгэр ч хүртэл доргим чанга хөгжмийн аянд хувцсаа тайчин бүжиглэн дэвхцэж, ямар ч шалтгаангүйгээр орилж хашгичин юуг ч хамаагүй хараан зүхэж, толины өмнө суугаад үзэсгэлэнт гүнжээс үзэшгүй муухай шулам хүртэл хувирсан ч болно. Бас юуч хийлгүйгээр өдөржин орондоо унтаж эсвэл хэдэн өдрөөр ч хамаагүй цурам ч хийлгүй ном шагайн суух эрх чөлөө байгаа нь юутай тааламжтай. Тиймээ гагцхүү ганцхан энд л надад зориулсан бүх зүйлс байна. Гэхдээ хүнээс бусад нь. Үгүй ээ үгүй. Биш юм байна. Энд хүн байгаа юм байна. Би чинь хүн шүү дээ. Бүх зүйлс, бүр хүн хүртэл байхад би энэ цайзнаас гарж яахсан билээ. Үүнээс илүү юу хэрэгтэй гэж? Надад энэ эрх чөлөө минь л хамгийн эрхэм нандин орон зай юм. Харин одоо миний сонирхлыг ганцхан зүйл л татаж байна. Тэр бол өмнөөс минь харан байх нэгэн хаалга. Би өөрийгөө хамгийн мухрын өрөөнд сууж байна гэж бодсон минь эндүүрчээ. Тэнд дахиад нэг хаалга байна шүү дээ. Гайхалтай! Тэр хаалганы цаана хичнээн олон төрлийн өнгө аяс, хичнээн олон төрлийн үнэр мэдрэмж басхүү хичнээн олон хаалга намайг хүлээж байгаа бол.. Би тэрхүү мухрын өрөө лүү хэрхэн орохсон билээ. Тэр хаалганы түлхүүрийг би хаанаас яаж олохсон билээ? Тиймээ, Би бол ганцаардлын хатан хаан. Энэ ертөнцөдөө би шунан дурлаж байна.


No comments:

Post a Comment