expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Friday, November 14, 2014

Ертөнцийн хамгийн гайхалтай хөрөг



Нэгэн өдөр алдартай уран зураач дэлхийн хамгийн сайхан зүйлийг зурахаар шийджээ. Тэгээд дэлхийн хамгийн гайхалтай зүйл юу болохыг мэдэхийн тулд аялалдаа гарчээ. Тойрон хүрээлэх моддын дунд алхахдаа замын үзүүрт нуруугаа бөхийлгөн сууж буй настай эрийг олж харлаа. Түүн дээр очин энэ орчлонгийн хамгийн гайхалтай зүйл юу болохыг асуулаа. Настай эр огт эргэлзээгүй:
“Итгэл найдвар” гэлээ.
Дараа нь нэг тосгоноор дайран гарахдаа сүмийн хаалганы дэргэд хурим болж буйтай дайралдав. Тэдэн дээр очоод залуухан сүйт бүсгүйгээс:
-Энэ орчлонгийн  хамийн гайхалтай зүйл юу вэ? гэхэд сүйт бүсгүй, сүйт хархүүгийнхээ нүдрүү харж:
- Энэ орчлонгийн хамгийн гайхалтай зүйл бол мэдээж “Хайр” гэв.
Зураач тоос шороон дундуур аялалаа үргэлжлүүлэн алхаж яваад дайнаас буцаж яваа ядарсан нэгэн цэрэгтэй дайралдан мөнөөх л асуултаа түүнээс асуухад цэрэг “Энх тайван” гэв. Зураач:

“Хэрвээ энэ орчлонгийн  хамгийн сайхан зүйлс нь итгэл найдвар, хайр,  энх тайван юм бол би эднийг яаж зурах вэ” гэж дотроо бодсоор гэрлүүгээ харьлаа. Гэртээ очоод хартал түүний хайж байсан хамгийн сайхан зүйл нь түүний өөдөөс хараад зогсож байлаа. Хүүхдүүдийн нүднээс итгэл найдвар, харин эхнэрийнх нь нүднээс хайр харагдаж байлаа. Гэрт нь ч бас энх тайван оршин байлаа. Энэ бүгдээс урам авч онгодоо хөглөсөн зураач орчлон ертөнцийн хамгийн сайхан зүйлийн зургийг зурж түүнийгээ “Миний гэр бүл” хэмээн нэрлэжээ. 

No comments:

Post a Comment